Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр тохиож байна

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-гоос 1999 онд зарласан "Олон улсын эх хэлний өдөр" өнөөдөр тохиож байна. Дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг дэмжих, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 21-нийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн зарлаж, дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхлэлтэй аж. 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлээ Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор одоогийн Бангладешийн нийслэл Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийсэн юм. Жагсаалын үеэр цагдаа нар гал нээсний улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн бангладешчууд ”Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ. Улмаар 1999 онд ЮНЕСКО жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" болгон зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.

Дэлхийн хүн ам, угсаатан, тэдгээрийн хэлний талаарх мэдээллийн эх сурвалжуудаас үзэхэд, одоогоор 7100 орчим амьд хэл байгаа бөгөөд үүний 90 хувь нь 100 000-аас бага хэлэлцэгчтэй байна. Энэ нь 6390 орчим хэл эрсдэлд орж, үлдсэн 10 гарй хувь буюу 710 хэл аюулгүй байна гэсэн үг юм. 2680 хэл мөхлийн ирмэгт байгаа бөгөөд үүнээс 357 хэл 50-аас доош хэлэлцэгчтэй, 19 хэл ганцхан хэлэлцэгчтэй болсон гэсэн мэдээ байна. Хэрэв энэ байдлаар үргэлжилбэл, 2100 он гэхэд дэлхийн хэлний талаас илүү хувь нь устаж үгүй болно гэж судлаачид үзэж байна.




Өнөөдөр хулгана өдөр

14 минутын өмнө