Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан түүхэндээ анх удаа Азийн аваргын урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарсан билээ.

Тэд С хэсэгт Хятад, Япон, Гуамтай таарсан. Өнөөдөр эхний тоглолтоо Хятадын Шиан хотноо талбайн эзэн багийн эсрэг хийхэд бэлэн болжээ. Тоглолт 19:30 цагаас эхлэх бөгөөд Премьер спортс нэтворк шууд дамжуулах юм. Үүнээс өмнө Япон, Гуамын тоглолт болох хуваарьтай байна. Ахлах дасгалжуулагч Фрагкиасын бүрдүүлсэн шигшээ багт Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн зэрэг хашир тоглогчид багтаагүй нь шүүмжлэл дагуулсан. Тэгвэл Т.Санчир шигшээ багаас зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Монголын багийн бүрэлдэхүүнд төвийн тоглогч О.Энхбаатар, А.Азбаяр, Х.Оргил, довтлогч А.Энхбаясгалан, А.Тэмүүжин, А.Ананд, Б.Билгүүн, хамгаалагч Т.Ууганбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Н.Батбаяр, О.Эрдэнэцогт нар багтсан байна.

Монголын шигшээгийн дундаж нас 26, дундаж өндөр 192.6 см байгаа ажээ. Харин Хятадын багийн дундаж нас 24, дундаж өндөр 200 см байна. Манайхтай нэг хэсэгт багтсан гурван багийн Азийн чансааг харвал Япон хоёрдугаарт, Хятад долдугаарт, Гуам аравт жагсчээ. Харин дэлхийн чансаанд дээрх гурван баг Япон 26 дугаарт, Хятад 29-т, Гуам 76-д, харин Монголын баг 100 дугаарт жагссан байна.

2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 баг оролцоно. Харин эрхийн төлөө 24 баг өрсөлдөх юм. Эдгээр баг дөрөв дөрвөөрөө зурган хэсэгт хуваагдах бөгөөд нэг багтай тус бүр хоёр тоглолт хийнэ. Хэсэг бүрээс эхний хоёр баг буюу нийт 12 баг шууд шалгарна. Харин хэсэгтээ гуравдугаарт бичигдсэн зургаан баг дахин гурав гурваар хоёр хэсэг болон хоорондоо тоглож дөрвөн баг эрхээ авах юм. 2025 оны Азийн аваргад орсон 16 баг 2027 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг шууд авна.