Увс аймгийн Тэс суманд айлуудын 20 гаруй малыг шилүүс барьсан байж болзошгүй байна

Увс аймгийн Тэс суманд айлуудын 20 гаруй малыг шилүүс барьсан байж болзошгүй байна

Увс аймгийн Тэс сумын аравдугаар багт хаваржиж буй айлуудын мал шилүүсэнд бариулсан байж болзошгүй талаарх мэдээлэл гарчээ. Одоогийн байдлаар айлуудын 20 гаруй үхэр, хонь бариулаад байгаа бөгөөд дээрх малууд чононд бариулсан ямар нэгэн ул мөр үлдээгүй харин малын биед том нүх үүсэж, цусыг нь сорсон байдалтай байгаа аж.

Энэ талаар малчид аймаг, сумынхаа онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд Увс аймгийн Байгаль орчны газар, ОБГ-аас мэргэжилтнүүд ирж нөхцөл байдалтай танилцан шинжилгээ хийхийн тулд үхсэн малаас дээж аваад  явсан байна. Өмнө нь мөн тус аймагт шилүүс сумын төв рүү орж ирсэн тохиолдол гарч байсан ба иргэд хээр гаргаж тавьж байжээ. Шилүүс бол “Улаан ном”-нд орсон манай улсын нэн ховор амьтдын нэг бөгөөд агнахыг хатуу хориглодог. “Улаан ном”-нд орсон ан амьтад ард иргэдэд ямар нэгэн хохирол учруулбал зардлыг төр хариуцдаг гэх мэдээлэл бий.