Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно

Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна. Өнөөдөр Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан боллоо. Тус аймаг нийт бэлтгэх өвс тэжээлийн нөөцийнхөө 82 хувийг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тонн, тэжээлийн 701 тонныг зарцуулаад байна. Завхан аймагт ажиллаж буй Шуурхай бүлгээс аймгийн Онцгой байдлын газарт улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгосон 400 тонн тэжээлийг хүргэж өглөө.

Энэ сарын 11-16-ны өдрүүдэд өдөр шөнийн температурын зөрүүгээс шалтгаалж цасан дээр 2-3 см мөсөн үе үүсч Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр буюу мөсөн  зуд үүсэх нөхцөл бүрдсэн байна. Одоогоор 45 мянга гаруй мал хорогдсон талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.  Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 03-аас хойш нийт 46 удаа цас оржээ.  Энэ сарын 18-ны байдлаар  цасны дундаж зузаан 1-35 см,  хунгарын зузаан 18-80 см, гуу жалгандаа 20-120 см, хөрний зузаан 2-25 см, мөсөн бүрхэвчийн зузаан 2-3 см тогтоод байгаа талаар аймгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Мөн энэ сарын 12-17-ны өдрүүдэд цас орж шуурсаны улмаас  орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж, 17 сумын  54 багийн 2,256 малчин өрх төрийн болон бусад үйлчилгээ авах боломжгүй, 194 хүүхэд хичээлдээ ирж чадахгүйд хүрчээ.  

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Малчид Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаа ч амьжиргааний түвшнийг дээшлүүлэх талаар бодлого хэрэгжүүлэхийг санал болгож байна. Засгийн газар энэ удаад улсын нөөцөд байсан 6000 тонн тэжээл, орон нутгийн нөөцөд байсан 20 000 тонн тэжээлийг малчдадаа үнэгүй хүргэж өгч байна. Хоёрдугаар ээлжинд хүчит тэжээлийг малчдадаа хүргэхээр бэлтгэж байна.  Импортын гурил, тэжээлийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газрын ирэх 7 хоногийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Үүнтэй холбоотой малчдад хүнс болон эм тариаг УОК-оос хүргэнэ” гэв.

Өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газраас тус аймгийн 4 суманд энэ оны эхний улиралд багтаан автомашин олгохоор шийдвэрлэлээ. Мөн энэ ондоо багтаан тус аймгийн эрүүл мэндийн салбарт автомашин олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Завхан аймагт цаашид 11.250 км далпуу татаж, зам гаргахад 181 сая төгрөг шаардлагатай байгаа талаар тус аймгийн Онцгой байдлын газраас танилцуулав.