Улаанбаатар хотын захиргаа, БНХАУ-ын “Юйтүн” автобусны компанитай гэрээ байгуулж, Хэнань мужаас 600 ширхэг, 350 сая юаны шинэ автобуснуудыг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглуулахаар худалдан авсан. Тэгвэл Эрээний хотын гаалийн газраас дээрх автобуснуудад тусад нь байцаагч томилж гаалийн процессыг түргэвчилсэнээр 600 автобусыг импортлож дуусчээ.
Арванхоёрдугаар сарын 28-нд БНХАУ-ын Эрээн хотод автобусны эхниы ээлжийн урьдчилсан үзлэг хийгдсэн бөгөөд тээврийн хэрэгслүүд 1000 гаруй км-ийн цаанаас ирж байгаа учраас тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, бүрэн бүтэн байдлыг шалган улсын хилээр гаргах талаар өмнө нь мэдээлж байсан юм. Мөн автобуснуудыг үйлчилгээнд гаргахын өмнө төлбөрийн систем суурилуулах, даатгалд хамруулах гэх мэт дагалдах ажлууд үргэлжлэх юм.