Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарчид холбогдох гомдлын үндсэн хуралдаан энэ сарын 21-ны өдөр /2024.02.21/ болж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн уг асуудалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын үеэр бөхийн сорьц авах шинжилгээг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар будилуулсан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" байгууллагын ерөнхийлөгч нь Г.Батзаяа: Дэлхийн допингийн агентлагаас хэрэглэж болохгүй бодисын жагсаалт гэж гаргадаг. Энэ нь зөвхөн үндэсний бөх юм уу, үндэсний спортод хамааралтай зүйл биш. Олон улсын, олимпын төрөлд ордог бүх тэмцээнд допингийн шинжилгээг авдаг. М.Бадарчийн хэргийн тухай яривал, допингийн хэргийн маргаанд өртсөн, түүнд хохирсон хүн гомдлыг гаргадаг. Ихэвчлэн тамирчид гэсэн үг. Тэгэхээр М.Бадарчийн арбитрын шүүх хуралдаан хойшилсон байгаа.
Нэгдүгээрт, М.Бадарчаас маргааныг шийдвэрлэхийн тулд нийт 14 төрлийн нотлох баримт цуглуулах болон түүнтэй холбоотой хүсэлтийг гаргасан байдаг. Гэвч эдгээр баримтуудын тал нь шүүх хуралдаанаас өмнө зарим байгууллагуудаас ирж амжаагүй.
Хоёрдугаарт,Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад ажилтай байгаа тул оролцож чадахгүй байна хуралдааныг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт гаргасан.
Гуравдугаарт, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага өмгөөлөгч авч байгаа. Өмгөөлөгч авч байгаагаа мэдэгдээд, өмгөөлөгчөөс нь ажил давхцсан тул хэргийн материалтай танилцаж хугацаа олгооч гэдэг гурван үндсэн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа" гэлээ.