Х.Нямбаатар: Наадмын талбайн газрын өмчлөлийг буцаана. Тэнд есөн хөлт цагаан туг, шарга морьдоо ч байрлуулах газаргүй болсон

Х.Нямбаатар: Наадмын талбайн газрын өмчлөлийг буцаана. Тэнд есөн хөлт цагаан туг, шарга морьдоо ч байрлуулах газаргүй болсон

Өнөөдөр /2024.02.23/ НИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Нийслэлээс 2024 оны нийслэлийн төсвийг 371 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж метро барих судалгааны ажил, хотын цэцэрлэгжүүлэлт, тохижилт зэрэг ажлыг хийхээр болсон билээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Харин өнөөдрийн НИТХ-ын хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар газартай холбоотой дараах байр, суурийг илэрхийллээ. Тэрбээр " Би Хотын дарга болоод хэд, хэдэн аж, ахуй нэгжийг үнэхээр дийлдэггүй. Олон нийтийн дэмжлэгийг авмаар байна. Ээрмэл ХХК, Моннис ХХК-ийн ойр, орчмын газрыг төрхөөсөө авахуулаад өмчилсөн аятай аашилж буй Мөнхжаргал гэх иргэн байна. Энэ хүнийг газрын албанаас болон миний бие удаа дараа уулзалтад дуудсанч  ирээгүй. Шалтгаан нь АПУ ХХК-ийн баруун талаар Цэлмэг хотхон руу шууд нэвт зам гаргаж, Богдын музейн замын ачааллыг хуваах гээд 2-3 жил хүлээж байна. Сураг сонсох нь ээ Мөнхжаргал гэж хүн тэр хавийн газрыг мкв-ийг нь 450 ам доллараар зарсан байна. Жижиг Тавантолгой ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч гэсэн. Тэр хүн ирж уулзахгүй бол дулааны улирал эхлэхээр бид техниктэй очиж хашааг нь цөмөлж зам гаргана. 

Мөн 2003 онд Хоёрдугаар төрөхийн арын газрыг тухайн үед хотын менежерээр ажиллаж байсан Бадамжунай гуай хэлмэгсдэд зориулж нөхөн олговрын орон сууц барина гэх үндэслэлээр МИАТ-ийн Эрдэнэбилэг гэх хүнтэй шилжүүлж авсан байгаа. Гэсэн ч тэд хотод шилжүүлж өгөх газраа шилжүүлж өгөөгүй нэр усыг нь сольж явсаар байгаад одоогийн Түшиг их дэлгүүрт өгсөн байна лээ. Түшиг их дэлгүүр хүнээс худалдаж авсан байж магадгүй. Бид залилан хийсэн хүнийг хөөн хэлэлцэх хугацааны дагуу хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Газрыг эргүүлэн авч төрөх эмнэлэгт нь үлдээе гэж бодож байна. Ерөөс 20 жилийн хугацаанд "Ахмадуудад өгнө. Хэлмэгсдэд өгнө" гэх гоё нэрээр газрыг авсан байдаг.  Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 80 га газар л үлдчихээд байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн удирдлагуудыг ирж уулзаж, өмчлөлөө шилжүүлж өг гэж байгаа. Өмчийн харилцааны газраас бичиг явуулсан. Нэг башир арга байдаг нь тухайн газарт эхлээд сэндвичээр барилга барьдаг. Дараа нь мартагнуулж явсаар хоёр жилийн дараа шилэн өндөр барилга барьдаг. 2200 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс, наадмын баяр руу ордог есөн хөлт туг, шарга морьдоо байрлуулах газаргүй болсон. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэд 300 га газар зарсан мөнгөнөөсөө нийслэлд хэдийг өгсөн юм. Өмчлөл дээр нь бид жил бүр хөрөнгө оруулсан. Тэр эзэд хэдэн төгрөг оруулсан юм. Үүнийхээ асуудлыг шийдэж чадахгүй бол бид өмчлөлийг буцааж 100 хувь өөрсдийн өмчид авна. Бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдаж байна. Ядаж ногоон зүлгээ шийдэж чадахгүй байна шүү дээ" гэлээ. 

ВИДЕО: