Х.Нямбаатар: “Акуа Гарден” хотхон авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй

Х.Нямбаатар: “Акуа Гарден” хотхон авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д танилцуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, "Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Мөн голын урсгал дахь бургасуудыг шилжүүлэх ёстойг мэргэжлийнхэн зөвлөж байгаа.

Өнгөрсөн онд болсон үерийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ онд ч мөн их хэмжээний бороо орж болзошгүй хэмээн үзэж байгаа тул Улаанбаатар хот дахь голуудын урсцыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Олон удаа ярьсан ч арга хэмжээ аваагүй байгаа нэг объект бол “Акуа Гарден” хотхоны барилга. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бороо их орж, үер болох эрсдэл байгаагаас гадна “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй. Энэ барилгыг буулгалгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавиад байж болохгүй. Үер ус гэх мэт гамшгийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг тавдугаар сар гэхэд авсан байхаар гэрээ байгуулах ажил эхлүүлсэн. Нийслэлд аврах ажиллагааны үед ашиглах мэдээллийн сан дутмаг. Тиймээс нийслэлд болзошгүй эрсдэл, аврах ажиллагааны үед шаардлагатай мэдээллийг нэг дор харуулах программ хөгжүүлж байна" гэв.