Өнгөрсөн баасан гарагт /2024.02.23/ хуралдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар "Нийслэлийн 2024 оны төсвийн тодотгол"-ын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсвийг 371 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тодотголыг НИТХ-аар батлуулахаар ажиллаж буй нь энэ юм. Энэхүү нэмэгдүүлсэн 371 тэрбум төгрөгөөр нийслэл Улаанбаатар хотод ямар ажил хийх талаар бид цувралын нэгдүгээрт хүргэсэн. ЭНД дарж унших.
Тэгвэл нэмэгдүүлсэн төсвийн тодорхой хувь нь нийслэл хотын урсгал зардлын ажилд зарцуулагдах аж. Ингэхдээ чухам юуг засч, сайжруулах, хэний цалинг нэмэх, аль хэсгийг өнгө өөд нь татах тухай төсвийн тодотголд тусгагдсан мэдээллийг энэ удаа хүргэж байна.
-НЭМЭГДҮҮЛСЭН ТӨСӨВТ ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙГ 4,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМНЭ ГЭЖЭЭ-
Тодруулбал, нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 80 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалт хийж, төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг 14,1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусган боловсруулсан байна.
Үүнд:
- Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн м2 талбайн цэвэрлэгээний тариф нэмэгдэж байгаатай холбогдуулан тус зардлыг 21,5 тэрбум төгрөг
- Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлыг тарифт тусгагдсан жолооч, инженер техникийн ажилтны цалин, шатахуун, элэгдлийн зардлыг нэмэгдүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилтийг 26 тэрбум
- Сэлбэ гол дагуу халиа дошны хор уршгийг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хариу арга хэмжээ авах хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Засаг даргын нөөц хөрөнгийг 4 тэрбум төгрөгөөр
- Засгийн газраас 2024 оны хоёрдугаар сараас эхлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нийтлэг үйлчилгээ болон тохижилт үйлчилгээний салбарын ажилчдын цалинг 20 хувь, түүнээс бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалингийн зардлыг 3.8 тэрбум төгрөг
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалингийн зардлыг 1,4 тэрбум төгрөг
- "Нийслэлийн эдийн засгийн чуулган-бүсчилсэн хөгжлийн форум" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уг арга хэмжээнд шаардагдах зардал 1 тэрбум
- Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор барилгад нүүлгэн шилжүүлэх ажлын зардалд 1,5 тэрбум
- Газар чөлөөлөлт, нөхөн олговрын зардалд нийт 50 тэрбум төгрөг
- Нутгийн захиргааны байгууллагуудын тоног, төхөөрөмж шинэчлэх хүрээнд 6,1 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээг цахимжуулах төсөл, арга хэмжээнд 14, 2 тэрбум төгрөгөөр тус, тус нэмэхээр болсон байна.