БИДНИЙ ТУХАЙ: Олон мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн монголын нүүдлийн мал аж ахуй устах аюулд тулж ирлээ

БИДНИЙ ТУХАЙ: Олон мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн монголын нүүдлийн мал аж ахуй устах аюулд тулж ирлээ

Манай улсын нийт нутгаар зудын нөхцөл байдал үүсч, малчид хүндхэн цаг үеийг туулж байна. Яг энэ үед олон иргэд, ААН-үүд нийлж малчдад хандив тусламжийн гараа сунгаж байгаа ч байгалийн гамшгийг даван туулах малчдад амаргүй байгаа нь мэдээж. Тэгвэл дэлхийн олон хэвлэл энэ талаар бичиж байгаа бөгөөд "Huffpost" мэдээллийн сайтад Монголын нүүдлийн мал аж ахуй устах эрсдэлд ороод байгаа талаар нийтэлснийг орчуулан хүргэе. 

Монголын өргөн уудам тал нутагт мал маллаж амьжиргаагаа залгуулдаг нүүдэлчддэд ойролцоогоор 10 жилд нэг удаа хатуу өвөл ирж, бэлчээрийг цасаар бүрхэж, мал нь даарч, өлсөж үхдэг байв. Гэтэл энэ жил хоёр дахь жилдээ дараалан зудын нөхцөл байдалтай байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол Монголын малчид. Мөн бэлчээрийн даац хэтэрснээс нийт газар нутгаар цөлжилт эрчимтэй явагдаж байгаа. Монгол Улсын 3.3 сая хүн амын гуравны нэгээс доошгүй хувийг эзэлдэг олон зуун мянган малчин өрхүүд өнгөрсөн жил хоол хүнс, малын тэжээл, эм тариагүй цасанд боогдсон байдалтай байсан бол энэ жил бүр ч дор нөхцөл байдалтай байна.

Тус улсын 90 гаруй хувь нь зудын “өндөр эрсдэлтэй” гэж энэ сарын эхээр НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас анхааруулсан.

2018 онд Монгол оронд зуд болж, 700 мянган толгой мал хорогдсон нь түүхэн дээд үзүүлэлт байсан. Гэтэл албан ёсны статистик мэдээллээр энэ он гарсаар 2 сая гаруй мал хорогдсон боловч зарим тусламжийн ажилтнууд энэ тоо тав дахин их байх магадлалтай гэж үзэж байна. Мөн энэ бол дөнгөж эхлэл гэнэ. Малын хоргодол ойрын хоёр сарын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. 

Иймд энэ өвөл малчдыг санхүүгийн сүйрэлд хүргэж, олон мянган үеэс уламжлагдан ирсэн уламжлалт амьдралын хэв маягийг сүйрүүлж болзошгүй юм. 

Энэ сард л гэхэд ашгийн бус байгууллага мал нь өлсгөлөнд нэрвэгдсэн 810 малчин өрхөд өвс хүргэж, 1000 шахам өрхөд тус бүр 147 ам.долларын бэлэн мөнгө тарааж, нүүдэлчдийн хүүхдээ явуулдаг хөдөөгийн дотуур байрны багш нарт сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулсан. Харин АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг энэ сард Монгол Улсад зудын гамшигт туслах зорилгоор 200 мянган ам.долларын тусламж илгээж буйгаа мэдэгдсэн. Түүнлэн Лхагва гарагт НҮБ-ын Хүүхдийн сангаас 150 мянга гаруй монгол хүн, түүний дотор 62,500 хүүхэд зудад нэрвэгдэж, наад захын хэрэгцээгээ хангах, сургууль, эмнэлэг явах боломжгүй болсныг анхаарууллаа. Орон нутгийн эрх баригчид 1500 орчим хүнийг аврах ажиллагааг зохион байгуулжээ. 

Монгол Улсын агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин хурдан өсч, үүний үр дүнд улирал бүр ган гачиг, температурын эрс тэс өөрчлөлт нэмэгдсээр байна. Мөн бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотой ган гачиг тохиолдох нь нэмэгдсэн. Үүнд хамгийн их өртөж байгаа нүүдэлчид мал санхүүгийн хямралд орж, уламжлалт нүүдлийн мал аж ахуй ч сүйрч болзошгүй байна. 

Эх сурвалж: "Huffpost"