Нийтийн тээврийн жолооч нар цалин болон нийгмийн хангамж, замын маршрут болон бусад асуудлаар НИТХ-д өнөөдөр /2024.02.26/ шаардлага хүргүүллээ.
Жолооч Т.Бат-Орших, "Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын нийт жолооч нар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон НИТХ-ын төлөөлөгч нарт хандаж доорх гурван асуудлыг 28-ны хурлаараа нэн яаралтай баталж өгөх албан шаардлагыг хүргүүлж байна.
Нэгдүгээрт, Нийтийн тээврийн үйлчилгээний өдөр бүр гарч ажилладаг жолооч нарын 8 цаг ажилласан цалинг бүтнээр нь бодож олгох,
Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Х.Нямбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан нийтийн тээврийн жолооч нарын цалин хөлсийг 1000 ам.доллар буюу Монгол мөнгөөр 3 сая 500 мянган төгрөг болгоно гэсэн. Энэ цалингаас бүх шимтгэлийг хасаад жолоочийн гар дээр 3 сая 500 мянган төгрөгийг олгож өгөх,
Гуравдугаарт, Хувийн автобус баазууд болон зорчигч тээврийн нэгтгэл, ОНААТҮГ-ын жолооч нарын тэтгэврийн эрх нээгдэх үед нэг удаагийн 24 сартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг бодож олгуулж байх зэрэг албан шаардлагыг хүргүүлж байна. Хотын дарга 2024 оны нэгдүгээр сараас жолооч нарын цалинг нэмнэ гэж зарласан. Нэгдүгээр сард нэмэгдсэн зүйл байхгүй. Улмаар хотын дарга хоёрдугаар сард нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэхээр тохирч байна. Хоёрдугаар сардаа багтаагаад өгчихнө гэсэн. Гэтэл хоёрдугаар сарын цалин тасарчихлаа. Одоо гуравдугаар сард гэж байна. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг улс төрчдийн оноо цуглуулах ажил нь арай дэндээд байна. Улс төрийн тоглоом болмооргүй байна" гэлээ.