Улсын хэмжээнд хоёр сая гаруй мал хорогдоод байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөнийг ОБЕГ мэдээллээ. Малын хорогдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байгаа төдийгүй цаашид ч нэмэгдэхийг анхааруулж байна.
Мал тооллогын дүнгээр 2023 оны эцэст улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тоологдсон нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан дүн болж байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүлтэй буюу 13 аймгийн 58 суманд мөсөн зудын нөхцөлд, 17 аймгийн 139 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа юм. Гуравдугаар сарын урьдчилсан төлөвөөр Монгол орны нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх хэдий ч төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
Малчдад туслах аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс нэг тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 562 сая төгрөгийн бараа материал цуглаад байгаа аж. Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Дипломат төлөөлөгчдийн газраас долоон аймгийн 64 сумын 17 мянга гаруй өрхөд малын тэжээл, эрүүл мэндийн багц хүргүүлсэн байна.