ҮЦХ: Цэцэрлэгт хүрээлэнд орж ирсэн адууг түр хашиж, эздэд нь хүлээлгэж өгдөг

ҮЦХ: Цэцэрлэгт хүрээлэнд орж ирсэн адууг түр хашиж, эздэд нь хүлээлгэж өгдөг

Өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын хурлын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд Туул голын эрэг дагуу хэнийх нь мэдэгдэхгүй хувийн эзэмшил бүхий хаус байгаа”  талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Үүний дараа тус асуудал хүмүүсийн анхааралд орсон бөгөөд үүнтэй зэрэгцэн мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор “хувийн адууны зүчээ баригдсан” талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм.

Бид тус асуудлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дотоод харуул, хамгаалалтын албанаас тодруулахад “Энэ хашаа нь цахим сүлжээнд цацагдаад байгаа шиг хэн нэгэн иргэний хувийн өмч биш. Цэцэрлэгт хүрээлэнд адуу их орж ирдэг. Цаашлаад хүрээлэн доторх мод, бутыг гишгэлж, зам талбайг бохирдуулаад байдаг учраас эздийг нь ирж автал тус адуунуудыг түр хугацаанд хашдаг хашаа  байгаа юм” гэж мэдээллээ.

Мөн энэ талаар ҮЦХ-ийн захирал Ү.Оюунзул “Нэг шөнө дунджаар 2-5 азарга адуу манай хашаанд орж ирдэг. Бид тус адууг түр хашаандаа хашаад Экологийн цагдаагийн албатай хамтран эздэд нь хүлээлгэж өгдөг. ҮЦХ 2009 онд баригдахаас өмнө А.Сүхбат гэх иргэн тус газарт хашаалаад дотор нь жижиг байгууламж барьчихсан байсан. Энэ асуудалтай холбоотой бүх шатны шүүх хурал болоод дууссан. Шүүхийн шийдвэр А.Сүхбат гэдэг иргэний хашаалсан газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өмч учраас чөлөөлж өгөх ёстой гэж гарсан. Одоо ШШГЕГ-аас энэ газрыг чөлөөлж, хашаа болон доторх байгууламжийг нь буулган эзэнд нь хүлээлгэж өгөх процесс үлдсэн” гэж мэдээлжээ.