Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 7.6 хувиар нэмэгджээ

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 7.6 хувиар нэмэгджээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.6, өмнөх сарынхаас 0.8 хувиар нэмэгджээ.

Нэгдүгээр сард нийслэлд барааны бүлгийн үнэ 8.1, үйлчилгээний бүлгийн үнэ 8.4, хүнсний бүлгийн үнэ 12, хүнсний бус бүлгийн үнэ 6.7 хувиар өссөн нь хамгийн их байна. Өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 11.5, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6, барааны бүлгийн үнэ 7.7, үйлчилгээний бүлгийн үнэ 7.2 хувиар нэмэгдэв.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны нэгдүгээр сард 12.3 хувь гарсан бол энэ оны нэгдүгээр сард 7.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеийнхээс 4.7 нэгж хувиар багассан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.6 (34.2 хувь), мах, хатуу түлшээс бусад дотоодын барааны үнэ 3.6 нэгж хувиар (47.4 хувь) нөлөөлөв. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 7.6 хувь гарсны 3.2 (42.7 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.6 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.9, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.6, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.8, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.4, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Харин дээрх үнэ энэ оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.5, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Инфляц өнгөрсөн сард 7.6 хувь гарсны 2.6 (34.2 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалав. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410, нийслэлд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Мах, махан бүтээгдэхүүний үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 16.7 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 15.6, хонь, ямааны махны үнэ 18, адууны махны үнэ 14.1 хувиар өссөн нь нөлөөллөө. Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 13.9 хувиар нэмэгдэхэд будааны үнэ 8.6, гурил 18.6, талх, нарийн боов 13.2, гоймон 14.5 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн