Бүлэг этгээд хууль бусаар 35 кг ногоон хаш чулуу олборлосныг ЭЦА-аас илрүүлжээ

Бүлэг этгээд хууль бусаар 35 кг ногоон хаш чулуу олборлосныг ЭЦА-аас илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны төв, орон нутгийн алба хаагчид хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бяран” гэх нэртэй тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл иргэдээс ирсний дагуу шалгалтын ажиллагаа зохион байгуулжээ. Шалгалтаар Хөвсгөл аймгийн харьяат Б, Н, Б, нарын зургаан этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоосон байна. Улмаар хууль бус үйл ажиллагаандаа ашигласан гурван ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу, зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Экологийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.