“Toki” АПП: Бид луйврын эрсдэлээс хэрэглэгчдээ хамгаалахын тулд тогтмол шинэчлэл хийж ажилладаг

“Toki” АПП: Бид луйврын эрсдэлээс хэрэглэгчдээ хамгаалахын тулд тогтмол шинэчлэл хийж ажилладаг

Өчигдөр /2024.02.26/ Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрууд хамтран цагдаагийн байгууллагад шалгагдаж буй зарим онцлог гэмт хэргийн талаарх мэдээлэл өгсөн. Энэ үеэр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван “Машин худалдах нэрээр цахим орчинд зар байршуулсан иргэний банкны картны мэдээллийг авч байгаад "Токи" аппликэйшнд оруулж, дансан дахь мөнгийг нь хулгайлах боломжийг бий болгосон. Нэг ёсондоо финтек үйлчилгээ явуулж буй компаниудын цоорхойг ашиглан их хэмжээний мөнгө хулгайлах төрлийн гэмт хэргийг илрүүлсэн. Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүк хаягт халдлага үйлдэж, хувийн мэдээлэл буюу картных нь мэдээллийг авчихсан байна. Уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж мэдэгдсэн.

Уг мэдэгдлээс шалтгаалан иргэдийн дунд “Toki” аппликейшн найдваргүй, эрсдэлтэй гэсэн ойлголт үүсээд байгаа бөгөөд иргэд тус аппликейшний үйлчилгээнээс татгалзаж, банкны картаа салгаж эхлээд байгаа юм.

Тэгвэл энэ асуудалтай холбогдон “Toki” аппликейшнээс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Манай зүгээс хэрэглэгчдийн аливаа мэдээллийг задруулаагүй болно. Тухайн хэрэглэгч картын мэдээлэл болон баталгаажуулах нэг удаагийн кодоо бусдад мэхлэгдэн алдсанаас тухайн хэрэг үүдсэн бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа болно. Бид луйврын гүйлгээний эрсдэлээс хэрэглэгчдээ хамгаалахын тулд арилжааны банкуудтай  “Mastercard Worldwide”, “Visa International”, “American Express” байгууллагуудаас олгодог стандартын дагуу хамтран ажилладаг” гэжээ.