Улсын онцгой комисс хуралдаж дараагийн шатанд авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна

Улсын онцгой комисс хуралдаж дараагийн шатанд авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна

Улсын онцгой комисс яг одоо цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хурлаар хаваржилтыг хохирол багатай даван туулахын тулд дараагийн үе шат руу шилжихэд шаардлагатай хөрөнгө болон зохион байгуулалтын ажлыг ярьж байгаа аж.

Улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Энэ дагуу Улсын онцгой комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж эхний шатны тодорхой шийдвэрүүдийг гаргасан билээ. Тэгвэл энэ удаа дараагийн ээлжинд авах арга хэмжээний талаар тодорхой шийдвэр гаргах аж.

Өнөөдрийн байдлаар малын хорогдол 2.1 сая байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 85.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна. УОК-ын Шуурхай штаб дээр нийт 11 аймгийн 46 суманд гурваас доошгүй ам бүлтэй 1408 өрхийн гэр, өвөлжөө нь цасанд дарагдсан гэдэг тооцоо гаргаж, шар усны үерээс урьдчилан сэргийлэхээр шаардлагатай хүн хүчийг гаргахаар төлөвлөөд ажиллаад байгаа юм. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 74 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 560 орчим сая төгрөгийн бараа материалын хандив цуглараад байна.