БИДНИЙ ТУХАЙ: УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр Монгол Улсын элчин сайдын яамны байрыг барих 5 га газрыг Бишкек хотод өгчээ

БИДНИЙ ТУХАЙ: УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр Монгол Улсын элчин сайдын яамны байрыг барих 5 га газрыг Бишкек хотод өгчээ

Киргиз манай улс хоёр харилцан айлчлалыг ойрын хугацаанд амжилттай хийлээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр тэрбээр Монголд ЭСЯ-аа нээж, наадам үзээд буцсан байдаг. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилсан юм.

Харин энэ өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлах гэж байна. Г.Занданшатарын хувьд хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлыг айлчлалаараа шийдэж байгаа юм.

Учир нь Бүгд Найрамдах Киргиз Улс нь Монгол Улсын парламентын ардчилалаас суралцах хүсэлтэйгээ албан болон албан бусаар үргэлж илэрхийлсээр ирсэн. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар ямар ажил, асуудлыг шийдвэрлэж тухай мэдээллийг хүргэе. 

-МАНАЙ УЛС НООЛУУР, МАХЫГ КИРГИЗ УЛСАД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ-

Манай улс Киргизийн нийслэл Бишкект Консулын газраа 2014 оноос ажиллуулж байсан бол 2019 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын айлчлалын үеэр Элчин сайдын яамаа албан ёсоор нээж байлаа. Тэгвэл УИХ-ын даргын өнөөдрийн айлчлалаар Элчин сайдын яамны байрыг барих газрын асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, Киргизийн тал манай улсад Элчин сайдын яамны байраа барих 5 га газрыг Бишкект өгч буйгаа мэдэгдсэн байна. Тус улс дахь манай Элчин сайдын яам нь түрээсийн байранд үйл ажиллагагааа явуулж байжээ. 

Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиев УИХ-ын Г.Занданшатарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ талаар Монголын хэвлэлд албан ёсоор мэдээлээгүй ч Киргизийн хэвлэлүүд онцлоод эхэлжээ.  

Манай хэд, хэдэн компани тус улсад хөрөнгө оруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа ирэх онд илүү тэлэх төлөвлөгөөтэй ажиллаж буй талаар айлчлалын үеэр талууд онцолсон байгаа юм.

Мөн уулзалтын үеэр Н.Шакиев хэлэхдээ, "Монголын ард түмэнтээ нийгэм-эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна олон зуун жилийн нүүдэлчин ахуйгаас үүдсэн түүх, соёлын хэлхээ холбоотой. Цаашид уул уурхай, нэхмэл хувцасны үйлдвэрлэл, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн аюулгүй байдал, мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах зэрэг салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Киргизийн талын сонирхлыг ихээхэн татаж байгаа" гэжээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, "Өнгөрсөн онд Киргизийн тэргүүн манай улсад албан ёсны айлчлал хийж, найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. Түүнчлэн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тохиролцоонд хүрч, Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад нээсэн. Мөн өнгөрсөн онд Бишкек-Улаанбаатар хоорондын агаарын замыг нээсэн нь аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах шинэ боломжийг нээж, зорчигчдын урсгал нэмэгдсэн" хэмээн онцлоод Монгол Улс Киргизэд махан бүтээгдэхүүн, сайн чанарын ноосон даавуу нийлүүлэхэд бэлэн байгаа талаар дурджээ.

Мөн хамтын ажиллагааны санамж бичигт хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах тухай тусгасны зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхэд чиглэсэн заалтуудыг багтаасан талаар тус улсын төрийн хэвлэлд бичсэн байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 26 Гэрээ, хэлэлцээр байдаг. Улс төрийн хувьд ямар нэгэн маргаан, зөрчилтэй асуудал байхгүй бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь Монгол улсын чухал түнш орны нэг нь Киргиз гэж үздэг. 2018 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 705 мянган ам.доллар хүрсэн. Монголоос хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл бүтээгдэхүүн, Киргиз Улсаас жимс, үрийн будаа, гар хивс зэргийг нийлүүлдэг байна.

Эх сурвалж: Кirtag.news, Tazabek.news




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө