Францын дугуйтай аялагч “монгол бол халуун дулаан сэтгэлтэй хүмүүс амьдардаг маш хүйтэн орон” гэж бичжээ

Францын дугуйтай аялагч “монгол бол халуун дулаан сэтгэлтэй хүмүүс амьдардаг маш хүйтэн орон” гэж бичжээ

Дэлхийн олон орноор аялагч, ютүбер Франц улсын иргэн Франсуа Лёмонсель монголын тал нутгаар аялсан талаараа өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ.

Тэрээр “Би монголд ирээд хоёр сар болж байна. Дөрвөн жил дугуйгаар аялсаны эцэст энэ аялал надад маш том туршлага боллоо. Монгол бол халуун дулаан сэтгэлтэй хүмүүс амьдардаг маш хүйтэн орон юм. Хэдхэн хоногийн өмнө энд -44 градус хүрсэн. Энд сүүлийн 60 жил ороогүй их цас орж, хүйтэрч байгаагаас шалтгаалан тал нутгийн малчид өвс олох гэж сандарцгааж байна. Гэвч тэдний энэ их хүчин чармайлтыг үл харгалзан сүүлийн өдрүүдэд хэдэн сая мал үхээд байна. Малчид маш хүнд байдалтай байгаа хэдий ч надад туслахаас хэзээ ч буцахгүй, намайг найрсагаар хүлээж авсаар л байсан. Тийм ээ, монгол өвөлдөө ч бас сайхан байдаг гэдгийг та бүхэнд хуваалцахыг хүслээ. Одоо баруун зүг рүү явж байна” гэж бичжээ.

Тэрээр мөн өмнө нь өгж байсан ярилцлагадаа “монгол маш хүйтэн учраас ямар ч нян, вирус тэсэх чадваргүй байх. Монгол айлд орохоор дандаа уламжлалт архи болох айраг, чанасан махаар дайлдаг. Маш зочломтгой, сайхан сэтгэлтэй хүмүүс” гэж ярьжээ. Тэрээр одоо Байгаль нуур явах төлөвлөгөөтэй байгаа аж.