ШУУРХАЙ: "С.Зоригийн амиа алдсаны маргааш хуралдсан ЗГ-ын ээлжит бус хуралдааны тэмдэглэл"-ийг өчигдөр ЦЕГ-ын хүсэлтээр Улсын нууцаас гаргажээ

ШУУРХАЙ: "С.Зоригийн амиа алдсаны маргааш хуралдсан ЗГ-ын ээлжит бус хуралдааны тэмдэглэл"-ийг өчигдөр ЦЕГ-ын хүсэлтээр Улсын нууцаас гаргажээ

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 02 /1998.10.2/-ны өдөр Төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан. Харин 25 жилийн хугацаанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан бөгөөд иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар тус хэргийг үйлдсэн хэмээж, гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгэсэн. 

Гэсэн хэдий ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүж ял тулгасан хэргээр хууль шүүх, прокурор, цагдаа, тагнуулын албан хаагчид ял шийтгүүлснээр шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин шалгах шаардлага тавьж, улмаар уг хоёр иргэнийг сулласан.

Товчхондоо, С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг илрүүлж чадаагүй 25 жил өнгөрч байна. 

Тэгвэл өчигдөр /2024.02.28/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас гаргасан, “С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан өдрийн маргааш буюу 1999 оны аравдугаар сарын 03-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг хэлэлцээд 1998 оны аравдугаар сар 03 /1998.10.03/-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргасан байна. Сонирхуулахад,  1998 оны аравдугаар сард Монгол Улсын Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж, УИХ-ын даргаар Р.Гончигдорж, Ерөнхийлөгчөөр Н.Багабанди нар ажиллаж байжээ.