Х Богдыг сүсэгтэн олон ил гарч ирэхийг нь хүлээж байна

Х Богдыг сүсэгтэн олон ил гарч ирэхийг нь хүлээж байна

“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилд Монголын бурхан шашны төв Гандантэгчинлин хийдэд олон чухал үйл өрнөсний нэг нь яах аргагүй Х Богдыг тодруулж, нийтэд зарласан явдал байлаа.

Түүхэнд бичигдэх энэ үйл явдлыг дээрхийн гэгээн XIV Далай лам дэлхий нийтэд зарлан “тамгалаж”, монголчууд бид оюун санааны удирдагч “тунамал дүртэй” Богдынхоо гэгээн дүрийг туулай жилдээ харах хувь тохиосон юм. Х Богдоо тодруулаад зогсохгүй хөрөг дүрийг нь арслант ширээнд залах ёслол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчинлин хийдийн Батцагаан дуганад болсон.

Гэвч уг ёслолын ажиллагаанд X Богд оролцоогүй. Үүнээс өмнө, 2023 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамцын албыг гавж Д.Жавзандорж үргэлжлүүлэх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болоход, түүнчлэн шинэ хамба өнгөрсөн сарын 03-ны өдөр Х Богдын хөрөг дүрийг нийт сүм хийдүүдэд залахыг соёрхож, олон нийтэд уриалга гаргахад ч Богд оролцоогүй тул сүсэгтэн олны дунд хүлээлт үүсч, түүнийг хайж эхлээд байна. Х Богд маань нас бага тул элдэв хэл амнаас эцэг, эх нь “нууж” байж болох ч сүсэгтэн олны итгэл найдвар тасрахгүй байсаар л... Ер нь, Х Богд маань Монголд байна уу, хаана явна вэ. Сүсэгтэн олон тань таныг үгүйлж, эрэл сурал болж буйг үүгээр уламжлахыг хүслээ.