СУРВАЛЖИЛГА: 15 тэрбумаар шинэчилсэн автобусны буудлууд стандартын шаардлага хангаагүйгээс иргэд зорчих чиглэлээ харахад ч хүндрэлтэй болжээ

СУРВАЛЖИЛГА: 15 тэрбумаар шинэчилсэн автобусны буудлууд стандартын шаардлага хангаагүйгээс иргэд зорчих чиглэлээ харахад ч хүндрэлтэй болжээ

Нийт хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдардаг Улаанбаатар хотод бүх талын стандарт хаягдаж хоцроод уджээ. Үүний нэг жишээ нь хотод байрлуулсан автобусны буудлууд. Угтаа бол Захирагчийн ажлын албанаас аль 2014 онд “Улаанбаатар хотын 350 цэгт дэлхийн томоохон хотын жишигт нийцсэн автобусны буудалтай болгоно” гэж байсан. Энэ дагуу ч өнөөдрийн саравчтэй шилэн автобусны буудлуудыг байрлуулсан гэдэг.

ВИДЕО:

-АВТОБУСНЫ БУУДЛЫГ ХАШАА ХАЙСТАЙ НИЙЛҮҮЛЖ БАРЬСАН НЬ ИРГЭДЭД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА-

Тус ажлын нийт өртөг 15 тэрбум төгрөг гэх мэдээллийг тухайн үед өгч байсан ч үр дүнгээ хэрхэн өгсөн, уг төсөл хэрэгжиж чадсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.   Учир нь тухайн үед албаныхан “15 тэрбумаар айхтар ажил хийнэ. Байгальд ээлтэй, цахилгаан бага зарцуулдаг, дэвшилтэт “Side de-ray led” гэрэлтүүлэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй, иргэдэд зориулсан үнэгүй интернетийн WIFI төхөөрөмж суурилагдсан. Мөн автобусны чиглэл, ойр орчмын гудамж талбайн мэдээллийг агуулсан болон сурталчилгааны зориулалт бүхий мэдээллийн самбартай байна” хэмээн рекламдаж байлаа. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр явган хүний нарийхан зам дээр хашаа, хайстай нийлүүлээд барьчихсан автобусны буудлууд цөөнгүй байна.

Түүний нэг нь Монгол Эм Испексийн автобусны буудал. Тус буудлыг барихдаа явган хүний нарийн зам дээр хойд талын байгууллагын хашаа, хайстай нийлүүлж барьжээ. Үүнээс нь болж тус автобусны буудлаар үйлчлүүлэх иргэд нийтийн тээврийн хэдэн номерын автобусанд суугаад аль чиглэлд явах тухай чиглэлийн мэдээллийг авахад хүндрэлтэй болсон байна. Тодруулбалд, иргэд хашаа хайс, автобусны буудал хоорондын нарийхан зайнд чихэж орон чиглэлийн мэдээллийг хардаг  байна. Том биетэй хүмүүс бол энэ зайнд багтаж ордоггүйгээ ярьж байлаа.

-СТАНДАРТААР БОЛ ХҮНИЙ ХАРААНЫ ТҮВШИНТЭЙ ТААРУУЛЖ МЭДЭЭЛЛИЙГ БАЙРЛУУЛАХ ЁСТОЙ АЖ-

Угтаа бол Захирагчийн ажлын албанаас сурталчилж байснаар автобусны буудлуудыг барьсан бол Монголын стандартад нийцүүлсэн зорчигчийн ая тухтай байдал, явган хүний зам, ус зайлуулах хоолойтой, 50 метрт түргэн үйлчилгээний цэггүй, нийтийн тээврийн чиглэл маршрутыг байрлуулсан,  хөдөлгөөний цагийн хуваарь маршрутын мэдээллийг хүний харааны түвшинд байрлуулсан байх байлаа. Цаашлаад харааны бэрхшээлтэй иргэнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж зогсоол бүрт нэр хаяг, чиглэлийг бичмэл болон зурган хэлбэрээр байрлуулсан байх байжээ. Гэтэл мэдээллийг харааны түвшинд байрлуулах нь бүү хэл буруу харуулаад хашаатай нийлүүлээд орхичихож.

2022 оны байдлаар, нийслэлд 1169 автобусны буудал байсан бөгөөд үүний 640 орчмыг стандартад нийцүүлж зайлшгүй шинэчлэх шаардлагатайг Хотын дарга асан Д. Сумъяабазар мэдээлж байсан. Тэгвэл шинэчлэх шаардлагатай автобусны буудлуудын нэг нь Монгол Эм Импексийн буудал аж. Тус буудлаар үйлчлүүлж буй иргэд “Автобусны чиглэл харах ямар ч боломжгүй. Нарийхан завсраар  орж харна гэдэг маш хэцүү. Нэгдүгээр хороолол руу явахдаа гучаас дөчин минут хүлээх шаардлага гардаг л даа. Чиглэлээ харж чадахгүй хэцүү байдаг. Өвлийн хүйтэнд гадаа даарч зогсохтой зэрэгцээд чиглэлийн мэдээлэл  ч харах боломжгүй нь хэцүү байна.  Чиглэлээ харах боломжгүй учраас их хүнд байдаг. Хашаанд хэт ойрхон учраас хувцсаа муухай болгох, гэх зэргээр хүндрэлтэй байдаг” гэсэн юм.