УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг "ногоон автобус"-ны гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгааг АТГ-аас мэдээлсэн. Улстөрчийн нэр хүнд нь шороотой хутгалдсан тэрбээр ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгджээ .
Тодруулбал тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний хэрэг шийдэгдээгүй байхад би нэр дэвшихгүй. Харин би сонгогчдодоо нэг зүйл хэлэх нь зүйтэй. Засгийн газрын сайд болоогүй байх гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүний ажиллаа сайн хийсэн гэж боддог. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд бүх том асуудлуудад оролцсон. Би том зургаараа харсан бодлогодоо үнэнч байгаа. Сайдаар ажиллаж байхад, ажилланы дараа ч миний ажил бүтэлгүйтээгүй. Миний гаргасан бодлогыг одоогийн удирдлагууд хэрэгжүүлж байгаа.
Би өөрийгөө гэм буруугүй гэдгээ шүүхийн өмнө батална, харуулна. Би улстөрд унаж, босож үзсэн хүн. Албан тушаалыг өгч, авч сурах ёстой байдаг. Би 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй. Ер нь 126 гишүүнтэй болох чухал сонгууль тул нэр дэвшигчдийн ёс зүйн шалгуур өндөр байх ёстой. МАН энэ шалгуурыг хатуу баримтална гэж найдаж байна" гэжээ.
Мөн тэрээр Монголын нэг зовлон нь хуулийн байгууллага, улс төрийн нам, хэвлэл мэдээлэл гурав нь төр иргэний нийгмийг хүчтэй байлгах ямар ч боломжгүй болгочихсон. Тал талаас дайрдаг гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрсэн. Хамгийн харамсмаар нь хамт зүтгэж байсан нөхдүүд нүүрээ буруулж, хатгах ажлыг хийсэн. Хуулийн хяналтын зарим хүн манай намын улирдлагын түвшинд байгаа хүмүүсийн оролцоотойгоор намайг хонгилоор чирнэ гэж хэлж байсан" гэжээ.