ВИДЕО: Чех бүсгүй 2024 оны Дэлхийн Мисс боллоо

ВИДЕО: Чех бүсгүй 2024 оны Дэлхийн Мисс боллоо

“Miss World” тэмцээний эцсийн шалгаруулалт өчигдөр /2024.03.10/ Энэтхэг улсын Мумбай хотод болж өндөрлөлөө. Уг тэмцээнд дэлхийн 111 улсыг төлөөлсөн бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Чех улсын оролцогч Кристина Пишкова түрүүллээ. Биеийн хөгжил, гоо үзэсгэлэн, авьяас билиг, илтгэх чадвар зэрэг олон дэд тэмцээний үр дүнд 40 оролцогч шалгарч үлдээд байв.

Тэдгээрээс өчигдөр шилдэг 12, дараа нь шилдэг 8, дараа нь шилдэг дөрвийг шалгаруулжээ.

Сүүлийн дөрөвт Африк, Европ, Ази, Америк дөрвөн тивийн оролцогчид үлдсэн юм. Ингээд Ливан, Тринидад ба Тобаго, Ботсвана улсын гоо бүсгүйчүүдийг ардаа орхисон Кристина Пишкова түрүүлж, Miss World 2024 тэмцээний титмийг зүүжээ. Тэрбээр 25 настай, 181 см өндөр, хуулийн сургуулийн оюутан, модель юм.

“Miss World” бол хамгийн хуучны олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд тооцогддог. 1951 онд анх Их Британид “бикини тэмцээн” нэртэй зохион байгуулагдаж байжээ. Пишкова миссийн титмийг 2022 оны ялагч, Польшийн Каролина Биелавскагаас шилжүүлж авсан байна. Төлөвлөлтийн асуудлаас болоод 2023 онд уг тэмцээн зохион байгуулагдаагүй юм.