ШУУРХАЙ: "Дүнжингарав"-ын уулзварт гарсан галын нэгдсэн дүгнэлт ирэх баасан гарагт гарна

ШУУРХАЙ: "Дүнжингарав"-ын уулзварт гарсан галын нэгдсэн дүгнэлт ирэх баасан гарагт гарна

“Дүнжингарав” худалдааны төвийн дөрвөн замын уулзварын орчимд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө их хэмжээний газ алдагдаж улмаар дэлбэрэлт болж, гал гарсан. Уг хэрэгт Улсын ерөнхий прокурорын газраас ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. 

Хэргийг сануулбал, "Дашваанжил Газ" ХХК-ийн жолооч Ч.Р-ийн 15.7 тонн байгалийн хий тээвэрлэж явсан автомашинтай Э.М-ийн унаж явсан Ниссан Патрол макрийн тээврийн хэрэгсэл шүргэлцсэний улмаас цистернээс газ алдагдан 5  минут гаруйн хугацаанд 200 орчим метр газарт тархсан байдаг. 

-ОДООГООР ЗУРГААН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ-

Тэгвэл хэргийн газраас баруун тийш 100 орчим мертийн зайд үл мэдэгдэх шалтгаанаар дэлбэрэлт, гал түймэр үүсэж, үүнээс 1 минут 14 секундийн дараа цистерн дэлбэрч, Sunny town хотхоны хана руу шидэгдсэний улмаас тус хотхон шатсан мөн замд Онцгой байдлын аврах гал унтраах 063 дугаар ангийн гурван албан хаагч оногдон нас барсан хэмээн мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм. Мөн мэргэжлийн байгууллагаас замын ойр орчмын 200 метрийн радиуст байсан 22 хүний эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзсэн бөгөөд хүнд зэргийн түлэгдэлтэй 5, дунд зэргийн 2, хөнгөн зэргийн зургаа, толгой эргэж угаартах шинж тэмдэг илэрсэн боловч гэмтэл учраагүй есөн хүн байсан гэж мэдээлсэн. 

Эдгээр хүмүүсээс эмчлэгдэж байгаад дөрвөн хүн нас барсан юм. Эд хөрөнгийн тухайд тус галын улмаас тээврийн хэрэгсэл 36, 13-16 давхар орон сууцны барилга 2, гудамж талбай тохижилтын  10 эд зүйл шатаж хохирол учирсан гэж мэргэжлийнхэн тооцжээ.

Улмаар хэрэгт нийт үхлийн шалтгаан тогтоох дөрөв, гэмтлийн зэрэг тогтоох хоёр, эд хөрөнгөд хохирол учирсан тогтоох 7, гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоох 4, хохирогч нарын хувцас, эд зүйлсээс биологийн гаралтай ул мөр илрүүлэх нэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам зөрчсөн эсэх талаар 3, нийт 20 шинжээч томилсноос одоогоор 6 шинжээчийн дүгнэлт гараад байгаа аж. Харин 10 гаруй шинжилгээний дүгнэлт гараагүй байна. 

Одоо дээрх дүгнэлтүүдийн хариуг хүлээж буй бөгөөд гарсан даруйд оролцогчдод танилцуулах, буруутай этгээдүүдийг Эрүүгийн хуулийн дагуу яллагдагчаар татах, хохирлын тооцоо гаргах, хохирол төлсөн даатгалын компаниудыг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах, хэргийн материал бүрэн бүрдсэний дараа төлөвлөгөөг дахин хийж, дутуу ажиллагааг хийх, процессын зөрчлийг арилгах зэрэг арга хэмжээг авч магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тэгвэл нэгдсэн дүгнэлт гуравдугаар сарын 15-нд гарах аж.