Н.Аззаяа: БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйчүүдийг визний асуудлаасаа болж цагдаад мэдэгдэж чадахгүйг нь далимдуулж бэлгийн хүчирхийлэл хамгийн их үйлддэг /ВИДЕО/

Н.Аззаяа: БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйчүүдийг визний асуудлаасаа болж цагдаад мэдэгдэж чадахгүйг нь далимдуулж бэлгийн хүчирхийлэл хамгийн их үйлддэг /ВИДЕО/

БНСУ-д олон жил ажиллаж амьдарч, Гадаад иргэдийн эрхийг хамгаалах байгууллагыг сайн дураараа ажиллуулж, эрх нь зөрчигдсөн монгол иргэдэд чадлынхаа хэрээр тусалсаар ирсэн монгол эмэгтэй Н.Аззаяаг бид энэ удаа онцлон ярилцлаа. Түүний хувьд сургуулийн сурагчдад бүлэглэн зодуулсан 13 настай монгол охины хэрэг, насанд хүрэгчдийн хорих байранд аавтайгаа хамт хоригдсон хоёр настай монгол хүүхдийн хэргийг анх олон нийтэд дэлгэж, шүгэл үлээж байсан нэгэн. Тэгвэл бид энэ удаа эдгээр хэргүүд одоо ямар шатандаа яваа талаар болон Солонгос дахь монголчуудад түгээмэл тулгамддаг асуудлын талаар ярилцлаа. 

ВИДЕО:

 

- БНСУ-д оршин суугаа монголчуудын эрх зөрчигдсөн тохиолдолд танаас эрх зүйн зөвлөгөө авахаар их ханддаг. Солонгос сургуулийн сурагчдад бүлэглэн зодуулсан 13 настай монгол охины хэрэг, тус улсын насанд хүрэгчдийн имегрейшнд хоригдсон хоёр настай хүүхдийн хэрэг зэргийг сошиал сүлжээнд тавьж, анх олон нийтэд мэдээлж байлаа. Тэгэхээр хоёр жилийн өмнө болсон ахлах сургуулийн охидод бүлэглэн зодуулсан 13 настай монгол охины хэрэг одоогийн байдлаар шийдэгдсэн байгаа юу? Нэг үеэ бодвол яг энэ хэрэг намжмал болчихлоо шүү дээ?

13 настай охины хэрэг хоёр жилийн өмнө Солонгос болон монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Миний хувьд одоо ч гэсэн энэ хэрэг дээр хамтран ажиллаж байгаа. Хууль эрх зүйн зөвлөгөө болон өмгөөлөгчийн туслалцаа үзүүлсэн. Тухайн охинд хүчирхийлэл үйлдсэн дөрвөн охины хоёр нь насанд хүрсэн байсан тул шийтгэлээ аваад, тохиролцооны мөнгө өгөөд дууссан. Харин насанд хүрээгүй хоёр охинд нь холбогдох хэрэг одоог хүртэл шүүхийн шатанд үргэлжлээд явж байгаа. Энэ хэрэг хоёр жилийн өмнө долоон сард болсон хэрэг. Тухайн үед хохирогч охины ээж нь харьяа цагдаагийн газартаа гомдол гаргасан боловч хэргийн нотлох баримт байгаагүй гэсэн үндэслэлээр шалгалтын ажлыг зогсоочихсон байсан. Улмаар надад хандаж, солонгосын телевизүүдтэй хамтраад энэ хэргийг олон нийтэд ил гаргасан юм. Энэ гуравдугаар сард хэрэгт холбогдох эцсийн шүүх хурал болно. Энэ хэрэг гарснаас хойш тухайн 13 настай охины сэтгэл зүй маш хүнд байсан. Амиа хорлох хэмжээний сэтгэл гутралд орж, сэтгэл зүйн зөвлөгөө авсан. Нэг хэсэг энэ хэргээс болж нэлээд шуугьж, солонгосын цэнхэр ордонд хүртэл хүрсэн. Мөн тухайн хүүхэд маань визгүй гадаад хүүхэд гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж байсан. Улмаар энэ хэргийн дараагаас солонгос улсад хууль бус хүүхдүүдэд виз өгөх хуулийн өөрчлөлт оруулсан байдаг.

- Өнгөрсөн хавар хоёр настай монгол хүүхэд Солонгосын насанд хүрэгчдийн иммегрейшнд хоригдсон хэрэг гарсан. Сая бас сургуулийн монгол сурагч хоригдсон хэрэг гарлаа. Энэ хэргүүдийг бас л та олон нийтэд ил болгосон. Сүүлд болсон сурагч хоригдсон хэргийн талаар монголчууд сайн мэдээгүй байх. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Солонгост амьдарч байгаа монголчуудын ихэнх нь ямар нэгэн хэрэг гарсан тохиолдолд зөвлөгөө авах журмаар надад ханддаг. Хоригдсон хүүхдүүдийн эцэг эхчүүд мөн адил надтай холбоо барьсны үүднээс иргэдийн дэмжлэгтэйгээр гаргаж авахын тулд олон нийтэд ил болгосон.

НҮБ-ын хүний эрхийн конвенцийн ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд Солонгос Улс гарын үсэг зурсан байдаг. Тухайн хүүхдийн эцэг эх гадаад иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхаас үл хамааран хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй гээд заачихсан байдаг.

Гэтэл харамсалтайгаар тухайн хүүхдийн эцэг эхийг визгүй, амьдрах эрхгүй гэдэг шалтгааны улмаас хүүхэд нь бусад солонгос хүүхдүүдэд ялгаварлан гадуурхагдаж байсан. Эцэг эх нь баригдсан тохиолдолд хүүхэд заавал монгол руу буцах шаардлагатай болдог. Одоо бол сургуулийн насны хүүхдийн эцэг эх баригдсан тохиолдолд тухайн хүүхдийг нутаг буцаахгүй байх талаас нь асуудлыг ярьж, эцэг эх хоёрын аль нэгийг нь үлдээхээр хэлэлцэж байгаа. Үүний талаар хэн нэгэн дуугарч, олон нийтэд мэдээлж байхгүй л бол Солонгосчууд аль болох гэр бүлээр нь Монгол руу буцаахыг л хүснэ. Сая монгол сурагч насанд хүрэгчдийн имегрейшнд найм хоног хоригдсон. Уг нь жаахан хурдан ажилласан бол цагаан сараас өмнө гаргах боломж байсан.

- Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах ёстой газар бол тус улсад суугаа элчин сайдын яам, консулын газар байдаг шүү дээ. Тэгвэл Солонгос улсад суугаа консулын хувьд үүргээ сайн биелүүлж чадаж байна уу?

Ажил үүргээ хэр сайн хийж байгаа нь иргэдийн дүгнэлтээр гарах байх. Гэхдээ надтай яг хамтраад хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөөд явсан удаа байхгүй.

- Солонгост ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн багагүй хувь нь эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэдний хувьд ямар нэгэн бэлгийн дарамтад өртөх тохиолдол хэр их байдаг бол? Яг энэ төрлийн хэргийн хохирогч болоод танд хандаж байсан тохиолдол бий юу?

Тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн дарамтанд маш их өртдөг. Тэд бэлгийн дарамтад өртсөн гээд шууд цагдаад мэдэгдчихэж чаддаггүй. Визний асуудал, хэл усны бэрхшээл бас бий. Тэр сул талыг нь ашиглаад бэлгийн дарамт маш их учруулдаг. Мөн манай эмэгтэйчүүд бас нотлох баримт цуглуулдаггүйгээс болоод энэ хэргийг яг гэрчлээд шалгуулахад үнэхээр хүндрэлтэй байдаг.

Мөн Солонгос улс өөрөө маш олон хүн амтай. Гадаад улсын иргэдээс солонгос иргэдийн эрх ашгийг илүүд үзнэ. Хоёр хэрэг гараад нэг нь гадаад иргэн нэг нь солонгос иргэн хохирсон бол эхлээд солонгос иргэний хэргийг шалгах тал ажиглагддаг.

Түүнчлэн монгол иргэд маань ч ямар нэгэн хэрэгт холбогдсон тохиолдолд нотлох баримтаа цуглуулдаггүйгээс өөрсдөө хохирох тохиолдол их бий. Тухайлбал монгол хүүхэд өөрийнхөө дугуйг алдаад цагдаад хандахад огт олдоогүй. Гэтэл нөгөө хүүхэд маань хоёр сарын дараа өөрийнхөө дугуйтай яг адилхан дугуй байхад нь дугуйгаа олчихлоо гэж бодоод унаад явчихсан чинь яг орой нь цагдаа нар олоод ирсэн. Тэр монгол хүүгийн ээж нь надад "Солонгос улсын цагдаа нар хохирогч нь хэн бэ гэдгээс шалтгаалж ажилладаг юм биш үү? Хүүхэд маань гадаад хүүхэд гэдгээр нь ялгаварлан гадуурхаж байна гэх сэтгэлийн шарх авсан" гэж надад хэлж байсан. Энэ бол хамгийн наад захын жишээ.

- Таны хувьд солонгост олон жил удаан хугацаагаар ажиллаж амьдарсан хүний хувьд солонгост монгол иргэд хэрэгт холбогдох нь яагаад их байгаад байгаа талаар юу гэж боддог вэ?

Монголчууд баталгаагүй мэдлэгийн алдаанаас болоод эрүүгийн хэрэгт их холбогдоод байна уу гэж хардаг. Яагаад гэвэл манай боловсролын систем өөрөө дутагдалтай байна. Шинжлэх ухаанч үндэслэл манай улсын иргэдэд огт байдаггүй. Хэрвээ хил дээрх ажилтан зүй бусаар харилцах юм бол гомдол гаргаж болдог. Мөн таны утсыг шаардаж, шалгаж байгаа бол хууль бус хэрэг. Энэ нь заавал шүүхийн зөвшөөрөлтэй байх ёстой. Гэтэл монголчууд наад захын эрхээ мэдэхгүй байгаа учраас өөрсдийгөө хамгаалж чаддаггүй.

- Солонгост амьдарч байгаа монголчууд сүүлийн үед залилангийн хэргийн хохирогч болох нь нэмэгджээ. Гэтэл ихэнх хэрэг нь илэрдэггүй. Энэ талаар танд хандаж байсан иргэд байсан уу?

Залилангийн хэргийг үйлдэг хүмүүс нь ихэнх нь солонгос иргэншилтэй болсон монгол хүмүүс байдаг. Гэрээний ажилтнууд хүн залилаад явах цаг зав байхгүй. Мөн оюутнууд ч ялгаагүй. Хэрвээ энэ төрлийн хэрэгт орооцолдох л юм бол виз нь сунгагдахгүй. Харласан иргэд бас л ялгаагүй. Тийм зүйлээр оролдох боломжгүй. Иймд банкны баталгаа гаргаж өгнө, зээл олгоно гэх нэрийдлээр хоёр иргэншилтэй монгол хүмүүс л залилангийн гэмт хэрэг маш их үйлддэг. Нотлох баримт олддоггүй учраас энэ төрлийн гэмт хэрэг огт илэрдэггүй.

- Тэгэхээр өөрөө СолонгосУлсад олон жил ажиллаж амьдарсан хүний хувьд тус улсад оршин суугаа монгол иргэдэд зөвлөгөө өгөхгүй юу?

Солонгос Улсад ажиллаж амьдрахын тулд тус улсын бодлого, статистикийг сайтар судлах хэрэгтэй.  Түүнчлэн хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ тухайн улсын соёлыг ч сайн судлах хэрэгтэй гэж хэлмээр байна.