"Италта пэйж" ХХК-ийн захирал С.Алтансүх, сэтгүүлч Б.Болдбаатар нар өнөөдөр /2024.03.11/ "Үнийн хөөрөгдлөөс гарах гарц" сэдвээр мэдээлэл хийлээ.
Сэтгүүлч Б.Болдбаатар, "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад "Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье, сэргээе", "Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье" гэх уриалга их явлаа. Цагаан сараар нэг килограмм ааруул 60-70 мянган төгрөг хүрлээ гэж бүгд гайхсан. Гэтэл дөнгөж хажууханд байх Өвөр Монголд нэг килограмм ааруул 10-15 мянган төгрөгийн үнэтэй. Мөн Европын Холбооны улсууд тариа будаа, улаан буудайнхаа дийлэнх хэсгийг гаднаас нийлүүлэлтээр авдаг мөртлөө Монгол Улсаас ч хямд зардаг юм бэ?
Европт нэг килограмм гурил ойролцоогоор 40-50 цент орчимд оногдож байгаа. Монгол мөнгөөр 1,700-1,800 төгрөг болж байна. Гэтэл Монголд нэг килограмм гурилын үнэ 2,400-3,100 төгрөг хүрээд байна. Манай улс 70 сая малтай мөртлөө ааруул, цагаан идээ болон сүүний үнэ 4,000- 5,000 төгрөгт хүрэв. Бид сүүгээ хажуухнаасаа бэлдэж байгаа мөртлөө өндөр үнэтэй. Талхаа хувааж иддэг гэдгийг хүмүүс гайхаад л байгаа. Гэтэл манай үндэсний бүтээгдэхүүнүүд Европын Холбооны улсад зарагддагаас өндөр үнэтэй байна. Өндөр хөгжилтэй Бельги, Франц орнуудаас өндөр үнээр талхаа авдаг ард түмэн" гэлээ.
"Италта Пэйж" ХХК-ийн захирал С.Алтансүх, "Бизнес ашиг олохын төлөө байж болно. Гэхдээ үндэсний гэдэг нэртэй бол үндэстнээ дэмжих ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ Франц улсад хамаагүй хямдхан. Түүнчлэн Германы сүлжээ дэлгүүрээр борлуулдаг гурилын үнийг та бүхэн интернэт ороод хараарай. Гурилынх нь үнэ 49 цент, монгол мөнгөөр 1,700 төгрөг. Гэтэл Монголд яагаад 2,400-3,100 төгрөг байгаа юм бэ. Үүнийг Монголд монопол болсон том том компаниудаас асуумаар байна. Түүнчлэн үйлдвэрийн сүү Улаанбаатар хотод 4,900- 5,000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Хотоос бага зэрэг зайдуу болоод ирэхээр үнэ нь 6,500 болчихдог" гэв.