Нийслэлийн иргэд хоёр удаа туршилтад орсон ч Хотын дарга Х.Нямбаатар мэдэн будилж, өөрийгөө буруугүй гэв

Нийслэлийн иргэд хоёр удаа туршилтад орсон ч Хотын дарга Х.Нямбаатар мэдэн будилж, өөрийгөө буруугүй гэв

Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй 4-н эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлэн өчигдрөөс  /2024.03.13/ хэрэгжүүлж эхэлсэн нь олон хүний бухимдлыг төрүүлэв. 

Тодруулбал, хэн нь бүү мэд шийдвэр гаргаж, түүнийгээ урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил, хичээл тарах цагаар нийслэлийн замын хөдөлгөөний гол урсгалыг ийнхүү өөрчилсөн нь хот нийтээр нь олон цагийн туршид түгжрүүлж орхисон юм. Бухимдсан иргэд уг шийдвэрийг цуцлах шаардлагыг тавьж буй ч Хотын дарга Х.Нямбаатар " Би өчигдөр орой Нийслэлийн тээврийн цагдаагийн дарга Оюутболдтой ярьсан. Ямар шалтгаанаар ийм зохицуулалт хийж байгаа талаар тодруулахад, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу өөрсдөө хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Тооцоо судалгааг хийсэн гэдэг хариуг өгсөн. Үүнийгээ болих хэрэгтэй, иргэд их бухимдаж байна гэж хэлээд л байж байна" гэсэн тайлбарыг хэлэв. 

Угтаа бол Тээврийн цагдаагийн алба нь Хотын төвийн гудамжинд замын хөдөлгөөний зохицуулалт хийхдээ нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөхгүйгээр шийдвэр гаргана гэж үгүй билээ. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар "Би мэдээлэлгүй байна" гэх хариултаар өөрийгөө асуудлаас холдуулав. Өмнө нь мөн  Хотын дарга Х.Нямбаатар иргэдэд урьдчилж мэдэгдэлгүйгээр нэг өглөө босоод ирэхэд нь баруун 4 замаас зүүн 4 замын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зүүн эргэлтийг хязгаарлахтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлд өөрчлөлт оруулсан. Автобусны чиглэл нь өөрчлөгдсөний  улмаас ямар автобусанд суухаа мэдэхээ больсон иргэд мөн адил бухимдсаны улмаас уг шийдвэрт өөрчлөлт оруулж байсан билээ.