Г.Майцэцэг: Монголын зах зээлд өрсөлдөөн байдаггүй учраас бүх зүйл нь үнэтэй байдаг

Г.Майцэцэг: Монголын зах зээлд өрсөлдөөн байдаггүй учраас бүх зүйл нь үнэтэй байдаг

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” болон үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар "Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг өнөөдөр /2024.04.13/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Монголд үйлдвэрлэсэн бүх зүйл үнэтэй байна. Гэхдээ үйлдвэрлэгчид шуналтай байгаа асуудал биш. Монголд үйлдвэрлэсэн бүхэн яагаад үнэтэй байгаа талаар, улс төрчдөөс, бодлого гаргаж байгаа хүмүүсээс асуух хэрэгтэй. Барууны улс орны зах зээл өрсөлдөөнтэй учраас үнэ нь бага байдаг. Тэнд маш олон үйлдвэрлэгчид үнэ болон чанараар өрсөлдөж байдаг. Тариаланчид болон малчид НӨАТ төлдөггүй. Үүнийг бизнес эрхлэгчид үүрдэг.

Францад сүү, гурил нь Монголоос хямд байдаг гэж сонслоо. Бид хэчнээн сая малтай орон билээ. Яагаад сүүн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихав. Баруунд буюу Франц гэх мэтийн орнуудад үндэсний үйлдвэрлэл нь хямд байгаа нь бизнес хийдэг хүмүүсийн дунд шударга өрсөлдөөн явагддагтай холбоотой. Тэнд хот болгон нь сүү болон махны үйлдвэрлэлтэй, манайх шиг нэг газраа бөөгнөрдөггүй. Тухайн орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангадаг жижиг үйлдвэрүүд хөгжсөн. Ийм үйлдвэрүүд олон байдаг тул тэд хоорондоо үнэ болон чанараар өрсөлддөг. Ийм боломжийг нь тухайн улсын Засгийн Газар нь бодлогоор дэмждэг. 

Манайд бол эсрэгээрээ буюу арилжааны банкнаас сарын 2.0-2.5% хувийн хүүтэй зээл авдаг.

Нөгөө талаас гурил, сүүний үнэ яагаад өндөр өртөгтэй байдаг вэ гэхээр улс төрчид малчид, тариаланчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Энэ дарамт үйлдвэрлэгчид дээр л очдог. Ингээд ярихаар хувцас биш хүнсний талаар ярьж байна гэж олон хүмүүс шүүмжилсэн. Хувцас бол хүнстэй ижил хүний хэрэгцээг хангах зорилготой. Хувцас үйлдвэрлэгчид эхнээсээ босож чадахгүй дампуурдаг. Нэг ширхэг цамц үйлдвэрлэхэд бид нар гурван удаа татвар төлдөг. Эхнийх нь үйлдвэрлэлийн материалаа гаалиар оруулж ирэхэд 15.5%-ын татвар төлдөг. Оруулж ирсэн түүхий эдээрээ үйлдвэр дээрээ авчраад бараагаа хийх явцдаа ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түрээс, тог цахилгаан гээд дуусахгүй.

Тиймээс иргэдийг энэ талаар зөв ойлголттой байж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна. Буруу бодлого явуулж буй Засгийн Газрын бодлогыг бизнес эрхлэгчид бид дуу нэгтэйгээр эсэргүүцэх ёстой. Ийм асуудал дээр нэгдэж дуугарах хэрэгтэй" гэлээ.