Японы буцалтгүй тусламжаар Ховд аймгийн хүүхдийн ордонг засварлана

Японы буцалтгүй тусламжаар Ховд аймгийн хүүхдийн ордонг засварлана

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурж, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай цахимаар уулзалт зохион байгууллаа.

Уг төслийн хүрээнд Ховд аймгийн Хүүхдийн ордны засварын ажил хийгдэх юм. Үүнд: дээвэр, гадна фасад, дотор засал (тааз, хаалга, шал), дулааны шугам, радиатор, агуужуулалтын систем, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажил хийгдсэнээр тус төвийн эрүүл ахуй, сургалтын орчин нөхцөл сайжирч, тус аймгийн хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд дугуйланд хичээллэх нөхцөл бүрдүүлэхээр зорьж байгаа аж. “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг байна.