Виз олгох журамд өөрчлөлт оруулж, 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрджээ

Виз олгох журамд өөрчлөлт оруулж, 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрджээ

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.13/ хуралдаанаар халиа дошинг зөөвөрлөх, нөөцийн мах худалдаалах, виз олгох журмын өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Халиа, дошны мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулна. Болзошгүй шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотод үүссэн халиа, дошны түвшин нэмэгдсэн хэсгүүдийн мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 7,8 дугаар сард тохиолдсон үерийн улмаас голуудад хуримтлагдсан лаг, шавар, хөрсний усны түвшин дээшилснээс шалтгаалан үерийн хамгаалалтын барилга байгууламж, голуудын сав дагуу Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 34 байршилд халиа дошны нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.

Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуйн нэгж үхрийн мах 1902.0 тонн, хонины мах 3803.0 тонн, ямааны мах 632.5 тонн, нийт 6337.5 тонн мах бэлтгэжээ.  Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс үхрийн ястай мах 11350 төг/кг,  хонины ястай мах 8900 төг/кг, ямааны мах 6700 төг/кг үнээрнийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна.

Мөн “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа. Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Гадаадын иргэн, харьяатын газраас 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдэх юм.




Өнөөдөр могой өдөр

12 цагийн өмнө