ВИДЕО: "Голден парк” хотхоны 16 давхрын айлуудад дусаал гоожиж, хана, тааз, шал зэрэг нь усанд нэвчиж, мууджээ

ВИДЕО: "Голден парк” хотхоны 16 давхрын айлуудад дусаал гоожиж, хана, тааз, шал зэрэг нь усанд нэвчиж, мууджээ

Энэ жил олон жилийн дунджаас 2-3 дахин их хур тунадас орсон учир нийслэл болон хөдөө орон нутгаар шар усны болон уулын уруйн үер хавсрах эрсдэл маш өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Нийслэлийн хэмжээнд үерийн индекс 8.65 буюу маш их байгаа бөгөөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажилд 11 тэрбум төгрөг зарцуулах талаар холбогдох албаныхан мэдээлж байгаа юм. Үүнээс гадна ойрын өдрүүдэд нийслэл хотод дулаарч байгаатай холбогдуулан олон жилийн уртад дээвэр нь муудсан барилга байгууламжуудаас дусаал гоожих асуудал ихэсч байна.

Тодруулбал, нийслэлийн 45-р сургуулийн дээврийн цас хайлсаны улмаас таазнаас их хэмжээгээр дусаал гоожиж, хичээл сургуулийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа бол Баянгол дүүргийн 25-р хороонд байрлах "Голден парк" хотхоны 16 давхрын оршин суугчдын гэрт мөн дусаал гоожиж, тав тухгүй байх нөхцөл үүсчээ.

ВИДЕО:

-"ГОЛДЕН ПАРК" ХОТХОНЫ НИЙТ ТАВАН БАЙРНЫ 16 ДАВХРЫН 40 ГАРУЙ АЙЛД ДЭЭВРИЙН ЦАС ХАЙЛСАНЫ УЛМААС ДУСААЛ ГООЖИЖ, ОРЦНЫ ХАНА, ТААЗ, ШАЛ УСАНД АВТАХ АЮУЛ ТУЛГАРААД БАЙНА-

Тус хотхоны 102, 103, 104, 105, 106-р байрнуудын хамгийн дээд талд буюу 16 давхарт амьдардаг оршин суугчдын гэрт сүүлийн хэд хоногийн хугацаанд их хэмжээний дусаал гоожиж, гэрийнх нь хана, тааз, шал зэрэг нь усанд нэвчиж, иргэд тав тухгүй нөхцөлд амьдарч байна. Айлуудаас гадна орцны нөхцөл байдал мөн хүнд байгаа бөгөөд дээврээс дуссан их хэмжээний усыг хэд хоногийн хугацаанд цэвэрлээгүйгээс болж ус ихээр хуримтлагдаж, шавар шавхай болжээ. Энэ талаар оршин суугчид байрныхаа СӨХ, хороо, дүүргийнхээ засаг дарга нарт хэлсэн боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Тус хотхоны 105-р байрны 16 давхрын оршин суугч Б.Ням-Очир дээврийнхээ цасыг ганцаараа цэвэрлэж байх үед нь бид уулзаж нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулсан юм. Тэрээр "Би хэд хоногийн өмнө хөдөө яваад ирэхэд ийм нөхцөл байдал үүссэн байсан. Одоогоор манай гэрт дусаал арай гоожиж амжаагүй байгаа ч урьдчилан сэргийлж, эд хөрөнгөө хамгаалахын тулд өнөөдөр дээврээ цэвэрлэж байна. Гэхдээ орцонд гоожоод, их ус хуримтлагдчихсан байгаа. СӨХ-ийн хувьд энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Байрны иргэд маань СӨХ-оо хайгаад ч олохгүй байна. Утсаа ч авахгүй юм. Тэгээд СӨХ-г хүлээгээд суугаад яахав гээд гарч ирээд цэвэрлэж байна. Олон жил болсон болохоор дээвэр нь нэлээн муудчихсан, ус зайлуулах шугам хоолой нь ч бараг байхгүй шахуу байна. Уг нь жил бүр СӨХ-с засвар, арчилгаа хийгээд явдаг бол арай ч ийм байдалд хүрэхгүй байх. Маргааш 16 давхарын айлуудаараа нийлээд хороо, дүүрэгтээ хандана гэж бодож байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.

-"БАЯНБУЛАГ СӨХ-Н" ДАРГА "ДУСААЛ ГООЖСОН ДЭЭВРҮҮДИЙГ ОДОО ЯНЗЛАХ БОЛОМЖГҮЙ, ДУЛААРААД ДЭЭВРИЙН УС ХАТАХААР ЯНЗАЛНА" ГЭВ-

"Голден парк" хотхоныг "Баянбулаг СӨХ" хариуцдаг бөгөөд бид СӨХ-н даргаас энэ талаар тодруулахад "Дээвэр муудсанаас болоод дусаал гоожиж эхэлсэн. Гэхдээ одоо янзлах боломж байхгүй. Дөрөв, таван сараас дулаарахаар хатааж байгаад янзална. Нэг айл шууд одоо янзал гээд байгаа, тийм боломж байхгүй. Оршин суугчдын зүгээс СӨХ-д 100 гаруй сая төгрөгний өртэй. Бүтэн 10 жил ч СӨХ-н мөнгөө төлөөгүй айл байгаа" гэсэн хариултыг өгсөн юм. Оршин суугчдын зүгээс байрны дээвэр муудсан асуудлаас гадна хотхоны орчин нөхцөл маш бохир, байр бүрт хоёр цахилгаан шат байдагаас нэг нь ажиллахаа болиод 2-3 жил болж байгаа, нэг нь хагас дутуу ажилладаг, СӨХ маш муу, сэтгэлгүй ажилладаг гэсэн мэдээллийг бидэнд өгч байсан юм.