"Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэм тавдугаар сард дуусч, Ж.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллуулна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэм тавдугаар сард дуусч, Ж.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллуулна

Өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Улмаар 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд түүний бүрэн эрхийг дахин нэг удаа сунгасан билээ. Хуульд ганцхан удаа зургаан сараар сунгаж болно гэж заасан учраас онцгой дэглэм тогтоосон хугацаа дууссаны дараа буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 26-наас тус компанид дахин онцгой дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн билээ. Үүний дараа дахин Ж.Ганбатыг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Ингэснээр Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" компанид хоёр удаа онцгой дэглэм тогтоож, хоёр удаа сунгаад байгаа.

Тэгвэл ирэх тавдугаар сарын 15-ны өдөр тус компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусах юм. Хэрвээ Засгийн газар сунгах саналтай бол хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлүүлэх хуулийн заалттай. Гэхдээ сонгууль болоход ганцхан сарын өмнө онцгой дэглэмийн хугацаа дуусах учраас Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" компанийн онцгой дэглэмийг дахин сунгахгүй бөгөөд Ж.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллуулахаар бэлдэж буй талаар эх сурвалж мэдээллээ.  БЭТ томилоод компани түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажиллаж, цалин, тэтгэвэр нэмсэн. Мөн 2022, 2023 оны компанийн ногдол ашгийг иргэдэд тараах шийдвэр гаргаж Цагаан сараас өмнө нэг иргэнд 116.5 мянган төгрөг оногдохоос татварын дараах дүнгээр 104 мянган төгрөгийн ногдол ашгийг олгосон. Харин 2023 оны ногдол ашиг болох 250 мянган төгрөгийг энэ сарын 25-ны өдрөөс олгож эхлэх юм.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

28 минутын өмнө