Беларусын ерөнхийлөгч А.Лукашенко болоод Хойд солонгосын төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж магадгүй байна

Беларусын ерөнхийлөгч А.Лукашенко болоод Хойд солонгосын төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж магадгүй байна

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-ын Гадаад хэргийн сайд дэд сайд Пак Мён Хог энэ сарын 10 /2024.03.10/-ны өдөр манайд улсад айлчлал хийсэн. Тэрээр энэ үеэрээ Хойд солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хийгийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилсан байдаг. 

Манай улсад айлчлал хийсэн Хойд солонгосын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хогтой манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзах үеэрээ, "энэ онд зохион байгуулах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ад БНАСАУ-аас төлөөлөгчдөө оролцуулах"-ыг урьсан байдаг. Энэ нь 2024 онд Хойд солонгосын тал дахин манай улсад хүрэлцэн ирж магадгүйг илтгэж байгаа юм. 

Тэгвэл өнгөрөгч Баасан гараг /2024.03.15/-т Беларусын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник манай улсад хүрэлцэн ирж, албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлал өнөөдөр /2024.03.17/ өндөрлөж байна. Беларусын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах үеэр "Ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан сонирхсон асуудал болон харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон" гэж албан мэдээлэлд дурдсан байна. Энэ нь Монгол Улсад Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенког айлчилж магадгүй гэдгийг илтгэж байгаа юм.