ВИДЕО: Монгол хонины ноосны чанар муудсан тул Австралийн “мирено” үүлдрийн хонийг нутагшуулж байна

ВИДЕО: Монгол хонины ноосны чанар муудсан тул Австралийн “мирено” үүлдрийн хонийг нутагшуулж байна

Манай улс 1987 оны үед нарийн ноост “Хангай”, нарийвтар ноост “Орхон”, “Ерөө” үүлдрийн тохиромжтой хэвшлийн 250 мянга гаруй толгой хоньтой болж, нэг хониноос дунджаар 4-5,5 кг бүхий 18,0-21,0 микрометрийн нарийнтай 1,1-1,2 мянган тн нарийн ноос үйлдвэрлэн дотоодын үйлдвэрлэлээр нийт хүн амынхаа нарийн даавуу, дарап, сүлжмэл бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж байжээ. Гэвч 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжиж эхэлснээс хойш дээрх хонин сүрэгт хийгдэх үржүүлэг, мал аж ахуйн технологит үйл ажиллагаа алдагдаж чанар ашиг, шим нь эрс муудсан төдийгүй 2022 он гэхэд манай улсад дээрх гурван үүлдрийн цэвэр хонины тоо нийт 12,0 мянган толгой болж дээрх үүлдрийн хонин сүрэг устаж, үгүй болох аюулд хүрээд байгаа аж.

Иймээс Малын удмын сангийн үндэсний төв, "АДРА" Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Австрали улсын Малын генийн сангийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Австралийн ноосны чиглэлийн "мирено" үүлдрийн хонины хөврөл үрийг монгол хонинд суулган, зохиомол хээлтүүлэгийн аргаар 30 гаруй толгой хурга гарган аваад байгаа аж. Тус хурганууд одоогоор Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын Удмын сангийн үндэсний төвд байгаа бөгөөд бид тус хургануудын өсөлт, бойжилт хэрхэн явагдаж байгаа, цаашлаад монгол улсад ноосны чиглэлийн хонин сүрэг өсгөх чиглэлээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар Малын Удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Н.Бархастай онлайнаар холбогдон ярилцлаа.

ВИДЕО: 

-АВСТРАЛИ УЛСЫН "МИРЕНО" ҮҮЛДРИЙН ХУЦНЫ 378 ТУН ҮР, ХӨВРӨЛИЙГ ГҮН ХӨЛДӨӨХ ТЕХНОЛОГИЙН ДАГУУ АВЧИРЖ МОНГОЛ ҮЗЭМЧИН ХОНИНД СУУЛГАСАН-

-Сайн байна уу, энэ үүлдрийн хонины хөврөл үрийг хэзээ, ямар төслийн хүрээнд авчирсан бэ? Ер нь хэзээнээс хэрэгжиж эхэлсэн ажил бэ?

-Бид Адра - Монгол олон улсын байгуулга, Малын удмын сангийн үндэсний төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Нарийн болон нарийвтар ноост хонь үржүүлэх” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд Австрали улсын “Gene Movers” ХХК-тай хамтран Австралийн "Мерино" үүлдрийн хуцны 378 тун үр, хөврөлийг авч хөврөл шилжүүлэн суулгах болон зохиомол хээлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэхүү ажил маань анх 2022 оноос эхэлсэн бөгөөд тухайн үед Сэлэнгэ аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг “Орхон шийп” ххк, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн нар хамтран Хангай, Орхон үүлдрийн 200 толгой хонинд дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийсэн байдаг. Үүнийхээ үр дүнд 70 хувьтай төл хүлээн авсан.

-Хөврөлийг хэдэн хонинд суулгасан бэ?

-Бид "мирено" үүлдрийн хуцны үр хөврөлийг өнгөрсөн 2023 оны 10 дугаар сарын 17-нд монголын "Үзэмчин" үүлдрийн 50 толгой тээгч эм хонинд суулгасан. Мөн “Орхон шийп” ХХК-ний "Орхон" үүлдрийн 50-60 эм хонинд суулгасан.

-Одоогийн байдлаар 30 хурга төрсөн гэсэн мэдээлэл байна. Хэд нь эр, хэд нь эм хурга байна?

-Одоогоор 16 эм, 14 эр хурга хүлээн авч бойжуулж байна.

-Үр хөврөлийг гаднаас хөлдөөж авчирсан гэсэн үг үү? Зохиомол хээлтүүлэг хийх ажлын талаар товч танилцуулаач?

-Тиймээ, Австрали улсад үржүүлдэг мах-ноосны чиглэлийн "Байдрлог, Мерино, Центерплас" зэрэг үүлдрийн хуцны хөврөлийг 7-14 хоногтойд гүн хөлдөөж авчирсан гэсэн үг. Ингэхдээ хөврөл үрийг биотехнологийн дэвшилтэд арга буюу хөврөл зайлж угаах аргаар авч, гүн хөлдөөгөөд наашаа тээвэрлэдэг гэсэн үг. Авчирсан хөврөлөө "Үзэмчин" үүлдрийн эм хонийг тээгчээр ашиглан дурангийн аргаар буюу лактроскопийн аргаар зохиомол хээлтүүлэг хийж эдгээр хургануудыг гаргаж авсан гэсэн үг. Энэ ажлыг зохион байгуулахад тээгч хонины ороо оролтыг тухайн хөврөл зайлж авсан хонины үетэй ижил түвшинд хүргэхийн тулд ороо оролтыг жигдрүүлэн сидр тавьж, ороо идэвхжүүлэгч эм тариа хэрэглэн бэлтгэж байж зохион байгуулдаг маш нарийн төлөвлөгөөт технологит ажил юм. Зохиомол хээлтүүлэг хийх ажлын тухайд, хээлтүүлэгт орох хонины хэвлийн хэсэгт 2 цоолж нэг талаар дурангаа оруулан харж савны эврийг олж нөгөө талаар нь гуурсаар хөвөрлөө оруулж бэлэн болсон савны эвэрт хөврөл, үрийг шахаж хийдэг нь хээл авалтын хувь өндөр гардаг биотехнологийн дэвшилтэд арга юм. Энэхүү "мирено" үүлдрийн хургыг гаргаж авах зохиомол хээлтүүлгийн хувьд Австрали улсын хоёр мэргэжилтэн, МААЭШХүрээлэнгийн мэргэжилтнүүд мөн манай байгууллагын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж дараах төлүүдийг хүлээж аваад байна.

-АВСТРАЛИ, МОНГОЛ ХОЁР УЛС ЦАГ АГААРЫН ХҮЙТЭН, СЭРҮҮН УУР АМЬСГАЛЫН ХУВЬД ИЖИЛ ТӨСТЭЙ БАЙДАГ УЧРААС "МИРЕНО" ҮҮЛДРИЙН ХУРГАНУУД ДАСАН ЗОХИЦОХ, ДАВАН ТУУЛАХ ЧАДВАР САЙН БАЙГАА-

-Мирено үүлдэрийн хонийг монголд нутагшуулж байгаа гол зорилго, зорилт нь юу вэ?

-Монгол улсад үржүүлдэг нарийн ноост "Хангай", нарийвтар ноост "Орхон", "Ерөө", "Тал нутгийн цагаан" зэрэг үүлдрийн хонинууд сүүлийн жилүүдэд тоо толгой цөөрч, ноосны гарц муудах байдал ажиглагдах болсон. Тиймээс дээр дурдсан төслийн хүрээнд монголын нарийн болон нарийвтар ноост чиглэлийн хонинуудад "мирено" үүлдрийн хонийг сайжруулагчаар ашиглаж ноосны чанар гарцыг сайжруулах, нарийн, нарийвтар ноост хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангаж цаашлаад чанартай ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний гол зорилго. Мөн салбарын мэргэжилтнүүдийг хөврөл суулгах, угаах арга технологиудад сургах дадлагажуулах ач холбогдолтой.

-Ер нь энэ үүлдэрийн хонь монголд амьдрах зохицох чадварыг та бүхний зүгээс юу гэж харж дүгнэж байгаа вэ?

-Австрали, Монгол хоёр улс бол цаг агаарын хүйтэн,сэрүүн уур амьсгалаараа хоорондоо их ижилхэн. Тиймээс бидний хүлээж байсан үр дүнгийн дагуу тухайн үүлдрийн хонь нь монгол улсын нөхцөлд зохицон амьдрах чадвар сайтай байгаа гэж хэлж болно.

-Малчид төлөөс нь аваад хониндоо хээлтүүлэг хийх боломжтой юу?

-Ер нь бол боломжтой, монгол улсад ноосны чиглэлийн хонийг сайжруулах зорилгоор хийж буй ажил тул бүрэн боломжтой гэсэн үг. Мөн энэхүү үүлдрийн хурганууд маань хээлтүүлгийн насанд хүрснээр хуцнаас үр авч шингэлэн тэрхүү үрээрээ маш олон тооны эм хонь хээлтүүлэх боломжтой.Цаашлаад өөр өөр үүлдрийн хонинуудыг хооронд нь хээлтүүлэгт оруулж, хөврөл үр үйлдвэрлэн хөлдөөх, малын үндэсний генийн санг баяжуулах, хөврөл угаах, хөврөл үйлдвэрлэх гэх мэт туршилт судалгааны маш олон ажлуудыг хийх боломжтой, өндөр ач холбогдолтой төсөл юм.

-Одоогоор хүлээж авсан хурганууд хаврыг хэр давж байна?

-Ер нь тун давгүй байна. Жилбэ сайн, эхийгээ хөхөх, эхтэйгээ харьцах тал дээр сайн. Удахгүй бор хоолонд орох, хивэг тэжээл зэрэг зүйлсийг идэх бэлтгэл ажил хангагдаад явж байна.