Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилсан Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв.

Хууль санаачлагчийн илтгэлдээ Ж.Чинбүрэн гишүүн, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Донорын тухай хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж буй талаар онцолж, манай улсын хүн амын тоонд эзлэх 24-45 насны идэвхтэй донорын хувь хэтдээ хоёр дахин буурах төлөвтэй байгааг мэдээлэв. Тэрбээр, дунджаар 20 орчим жил үргэлжлэх хүн амын цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг тасралтгүй хангах нь тулгамдсан асуудал болохоор байгааг дурдаж, КОВИД-19 цар тахлын үед цусны нөөц буурч, хариу арга хэмжээ авсны хүчинд эмнэлгийн хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүний тасалдал гаргалгүй даван туулсан гэсэн юм.

2021 оны байдлаар улсын хэмжээнд 19337 цусны донор бүртгэлтэй байгаагаас 7837 нь тогтмол цусаа хандивладаг байна. Улсын хэмжээнд аймгийн болон бүсийн эмчилгээ оношилгооны төвүүд, алслагдсан дүүргийн эмнэлгүүдийг түшиглэсэн нийт 26 цусны төв ажилладаг бөгөөд тухайн эмнэлэг, төвүүдийн удирдлагад ажилладаг аж. Цуглуулсан цусны нэгж бүрд халдварын шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн 78 хувийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) дангаараа бүрдүүлдэг. Цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд цусны төвүүдийг төвлөрсөн болон бүсчилсэн байдлаар үндэсний хэмжээнд зохицуулах нь цусны чанар, аюулгүй байдлыг хангах, стандартыг мөрдүүлэхэд чухал нөлөөтэйг ДЭМБ-аас зөвлөдөг. Мөн энэ үйл ажиллагааны тогтолцоо нь нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай байх, бүх шатанд үр дүнтэй, зохистой ажилладаг алба, хүрэлцээ, хангамж, аюулгүй байдлыг үнэлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллагатай байхыг зөвлөмж болгож буй юм.

Иймд дээрх зарчмуудыг тусгаж Донорын тухай хууль дахь цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, сэлбэлттэй холбоотой зохицуулалтыг тусад нь салгаж, бие даасан хууль болгох нь зүйтэй гэж үзэн, энэхүү төслийг боловсруулсан хэмээн Ж.Чинбүрэн гишүүн танилцуулсан юм. Хуулийн төсөлд цус сэлбэлт, судлалын харилцаанд оролцогч байгууллагуудын эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, цусны донор, сэлбүүлэгч, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавих шаардлага, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, устгах зэрэг бүхий л үйл ажиллагааны зохицуулалт, мэдээллийн сан, донорыг алдаршуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд чанартай, аюул эрсдэлгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, удирдлага, тогтолцоо болон үйл ажиллагаа шинэ шатанд гарах, сургалт, сурталчилгаа, донорыг алдаршуулах, урамшуулах ажил сайжирч, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц гарах, онцгой байдлын үед тасалдал, дутагдал үүсэхгүй болох нөхцөл бүрдэнэ хэмээн тэрбээр тооцжээ.

ЦССҮТ өнөөдрийн байдлаар нийтдээ 70 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон нутгийн төвүүдэд мөн тооны хүмүүс ажилладаг байна. Цус, цусан бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ цаашид жил тутам 14-15 хувиар өсөх тооцоо гарсныг ЦССҮТ-ийн ерөнхий захирал, доктор Н.Эрдэнэбаяр ярилаа. Тус төв Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар маш сайн бэхэжсэн тухай УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дурдаад, үйл ажиллагаа доголдох, шаардлагатай үед цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй байх эрсдэл гарч байгаа эсэхийг асуухад төсөл хэрэгжиж, төвийн хүчин чадлыг орчин үеийн стандарт, түвшинд хүргэснээс хойш тийм тохиолдол гараагүй хэмээн доктор Н.Эрдэнэбаяр хариулсан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эрхтний болон цусны донорын харилцааг салгаж, тусдаа хуулиар зохицуулах шаардлагын талаар асуухад хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цусны донорыг алдаршуулж болно. Эд эрхтнийхийг болохгүй хэмээгээд, хэрэв эд эрхтний донорыг сурталчилбал хууль бус хүний наймаа бий болох эрсдэлтэй гэлээ. Ингээд Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.