Г.Занданшатар: С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж огцрох болзлоо хангалаа /LIVE/

Г.Занданшатар: С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж огцрох болзлоо хангалаа /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.03.21/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс өргөн барьсан Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг " Одоо Донорын тухай хуулиар цусны донор болон эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах харилцааг зохицуулж байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн төсөл бол дээрх агуулгаар Донорын хуулийг хоёр салгаж байгааг би дэмжиж байгаа юм. Гэхдээ ярих хэд, хэдэн юм байна. УИХ-ын даргад ч шүүмжлэлтэй хандмаар байна. Учир нь гурван жилийн өмнө УИХ-ын дарга захирамж гаргаад Засгийн газрын хууль санаачлах эрхэнд ноцтой халдчихсан юм билээ. Яагаад тэгсэн юм мэдэхгүй, баахан УИХ-ын гишүүнийг оролцуулж, Эрүүл мэндийн чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх нэртэй ажлын  хэсэг байгуулсан. Энэ зарчмыг буруу гэж үзэж байгаа. Цаашид хууль санаачлах, боловсруулах ажлыг бодлогын яам өөрөө хариуцаж хийх ёстой. Хоёр жилийн өмнө буюу 2022 онд С.Энхболд сайд байхдаа Цусны донорын хуулийг боловсруулсан юм билээ. Тэр нь явж байгаад гишүүдийн хууль болоод ороод ирж байна. Хоёр жилийн өмнө яамд, Засгийн газраас санал авсан юм билээ. Миний хувьд хоёр жил урт хугацаа. Тийм учраас яамдаас дахин санал авах ёстой гэх байр суурийг байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн. Өргөн барьсан энэ хуулиар явбал дэмжих боломжгүй. Учир нь цусны донорын асуудал бол эрүүл мэндийн салбарын нэг л хэсэг, нэгж. Гэтэл бие даасан салбар шиг хуулийн төсөл оруулж ирсэн байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх үүрэгтэй холбоотой асуудал, нийгмийн хамгаалал, төгсөлтийн дараах сургалт, цалин хөлс, нэмэгдэл хөлстэй холбоотой асуудал нь салбарынхаа суурь хуулиар зохицуулагддаг. Цалин хөлстэй холбоотой асуудал нь Төрийн албаны хуулиар зохицуулагдаад явдаг. Гэтэл энэ бүх харилцааг Цусны донорын хуулинд оруулаад ирсэн байна. Цусны төв өөрөө орлого олдог. Энэ орлогыг өөрсдөө захиран зарцуулдаг болгохын тулд Эргэлтийн сан гэсэн зохицуулалт оруулж иржээ. Өөрсдөө орлогоо зохицуулдаг байхыг дэмжиж байна. Гэхдээ эргэлтийн санг нь дэмжихгүй байгаа юм. Энэ бол салбарын эрх ашиг биш" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар "С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж, огцрох болзол хангалаа шүү. Хэлсэн үгэндээ анализ хийж үзээрэй.Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1-т "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална" гээд заачихсан. Хууль тогтоох эрх мэдэл Засгийн газарт байдаг. Түүнд халдлаа гэж юу яриад байгаа юм. Хууль санаачлах эрх, хүрээ хязгаарыг хуулиар тогтоож байгаа. Энэ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамаарна. Үндсэн хуулийн 38.1 Засгийн газар, Засгийн газрын сайд нар хууль биелүүлэх үүрэгтэй субьектүүд. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд очвол энэ үгээрээ та огцрох болзлоо хангасан" гэсэн хариултыг өгөв. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Би гайхаж байна. Бидний хийх ёстой гол ажил бол хууль санаачлах. Эрүүл мэндийн салбарыг сайжруулах, тусламж хүртээмжийг чанартай болгохын төлөө та хэнтэй ч хамаагүй хамтарч ажиллах ёстой шүү дээ. Чи, би гэж талцах шаардлагагүй. Салбартаа ажиллаж буй ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, цусны нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "За тодруулга байхгүй. Асуулт ямар байна. Хариулт тийм байна. Жишээ нь би цусны донор хүн. Энэ яагаад миний асуудал байж болдоггүй юм" гэв. Ингээд тус хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувиар дэмжлээ. 

ҮЗЭХ