ОХУ-ын Элчин сайд А.Н. Евсиков нь итгэл, үнэмшил, үзэл бодлоо илэрхийлсэн монгол иргэдийг терроризмыг дэмжигчид гэж хэлэв

ОХУ-ын Элчин сайд А.Н. Евсиков нь итгэл, үнэмшил, үзэл бодлоо илэрхийлсэн монгол иргэдийг терроризмыг дэмжигчид гэж хэлэв

ОХУ-ын Москва хотын “Crocus City Hall” концертын цогцолборт 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн орой зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас 180 орчим хүний амь нас эрсдэж, 142 хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. 

Уг харамсалтай хэрэгтэй холбоотойгоор ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Террорист халдлагын золиос болсон амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэн Элчин сайдын яамны хаалганд цэцэг, лаа, хүүхдийн тоглоом авчирч, бидэн руу утасдаж, бичиж, ЭСЯ-ны олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ үлдээж, цахим дэвтэрт эмгэнэлийн үг бичсэн бүх хүмүүст талархаж байна. Гэвч гашуудлын өдөр Элчин сайдын яаманд ирж, террорист халдлага болсонд баярласан, ингэснээрээ алан хядагчдыг дэмжсэн цорын ганц улс болох Украины далбаан дор Оросын эсрэг жагсаал зохион байгуулахаасаа ичихгүй байсан хүмүүс ч байсныг бид тэмдэглэхээс өөр аргагүй болоод байна. Эдгээр Монголын “идэвхтнүүд”-ийг ч мөн терроризмыг дэмжигчид гэдэгт тооцох нь зүйтэй гэж би үзэж байна" гэжээ. 

Монгол Улс нь тусгаар тогтносон, бүрэн эрхт улс юм. Манай улсын "Үндсэн хуулийн 16.16-д Монгол Улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй" гэж заасан байдаг. Гэтэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков нь ОХУ, Украины дайны асуудлаар өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолтой монгол иргэдийг терроризмыг дэмжигчид хэмээн нэрлэж буй дипломат ёсонд байж боломгүй үйлдэл юм.