Алтай Таванбогдын БЦГ-ын Даян нуурын монгол хадран, алтайн сугас загас олноор хорогдсон тул ШУА-ийн Биологийн хүрээлэн, Улсын мал амьтны төв лабораторд нуурын усны дээжийг хүргүүлээд байна.
Даян нууранд харьцангуй зузаан мөсөн бүрхүүл тогтон, нуурын усны эзлэхүүн багасаж, загасны идээшлэх боломжит орчин хумигдсанаас гадна нуур хөлдөх үед булан тохой, цутгал голуудын цүнхээлд загас тусгаарлагдан үлдэж, өвөл тэр хэсгийн ус ёроолдоо хүртэл хөлдсөний улмаас загас олноор хорогджээ. Тус нуурын орчимд 2023 оны 10 дугаар сард 20 см, энэ оны хоёрдугаар сард 20 см цас орж, нуурын мандалд 40 см орчим зузаан цасан бүрхүүлтэй байжээ. Даян нуур орчимд цельсийн -40 хэм хүрч хүйтэрчээ. Даян нуур нь 67.2 км2 талбайтай, 4.5 метр гүн. Нуурт 870 км2 талбайгаас усжих 10-аад гол горхи цутгаж, Хотон гол эх аван урсаж, Ховд голд цутгадаг. Нуурын ус бүдэг ногоон, цайвардуу өнгөтэй, 10–6 дугаар сард мөсөн бүрхүүл тогтдог бөгөөд нуурт монгол хадран, алтайн сугас загас идээшилдэг. Нуурын усанд ууссан хүчилтөрөгчийн агууламж 4 мг/л хүрч багасахад ихэнх загас хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Загасны зүйл бүр усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээг харилцан адилгүй тэсвэрлэдэг. Тухайлбал, хадран загас багадаа 5 мг/л, хэлтэг загас 2 мг/л хүчилтөрөгчийн агууламжтай усанд амьдарч чаддаг. Өвөл нуурын усанд ууссан хүчилтөрөгчийн хэмжээ буурч загасны бүтэлт үүсэх хэд хэдэн шалтгаан байдгийг Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа мэдээлжээ.