Д.Амартүвшин: Эрх баригчид дарангуйллаа тогтоохын тулд шинэ намуудыг бүртгэхгүй байх бодлого явуулж байна /ВИДЕО/

Д.Амартүвшин: Эрх баригчид дарангуйллаа тогтоохын тулд шинэ намуудыг бүртгэхгүй байх бодлого явуулж байна /ВИДЕО/

Комедиан Д.Амартүвшин үүсгэн байгуулсан Либертари намаа бүртгүүлэхээр гурван удаа УДШ-д хандсан ч буцаасан байдаг. Гэтэл дөрөв дэх удаагаа бүртгүүлэхээр УДШ-д хандахад сонгуулиас өмнөх 90 хоногийн хугацаанд шинэ нам, эвсэл бүртгэхгүй гэсэн журмын дагуу хүлээгдэж байгаа юм. Ингэснээр Комедиан Амараагийн Либертари нам сонгуульд оролцох боломжгүй болж, түүний хэлж байсан УИХ-д нэр дэвших асуудал ч хойшлогдсон гэж болно. Иймд бид Д.Амарвүшинг урьж, намын бүртгэл болон шинэ журмын талаар ярилцсан юм. 

ВИДЕО:

-Өөрийн чинь үүсгэн байгуулсан Либертари намыг УДШ-д бүртгүүлэхээр дөрөв дэх удаагаа өргөдлөө өгсөн байна. Өмнөх гурван удаа өргөдлийг буцаахад ямар шалтгаануудаас болж байсан юм бол?

-Сүүлийн өргөдөл буцаагдаагүй. Сонгууль дуустал Дээд шүүхэд хүлээгдэж байгаа. Одоогоор сонгууль дуустал процесыг түр зогсоосон. Энэ нь шинээр батлагдсан улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлтэй холбоотой юм билээ. Хамгийн эхэнд өгөхөд Дээд шүүх хуулиа давсан журам гаргасан байсан. Тэр нь 801-ээс их болон багагүй гишүүдийн гарын үсэг цуглуулах хэрэгтэй гэсэн юм. Уг нь хуулиндаа бол 801-ээс багагүй гэж байдаг. Тэгээд хоёр дахь удаад яг 801 болгоод өгсөн чинь 100 гаруй хүнд хаягийн зөрчил, регистрийн дугаар, овгийн зөрчил зэрэг асуудал үүссэн. Ихэнх хүмүүс гэрийнхээ хаягийг мэддэггүй юм байна лээ. Эсвэл гурав дөрвөн жилийн өмнөх хаяг дээрээ байсан байж таардаг. Хамгийн сонин нь хэний овог зөрчилтэй, хэний хаяг буруу гэдгийг хэлж өгөхгүйгээр өөрсдөө ол гээд хаячихдаг юм байна лээ. Тэгээд 800 хүний хэний овог зөрчилтэй, хаяг нь буруу байгааг олно гэдэг бол өвсөн дотроос зүү хайхтай адил байсан. Бараг гурван сарын хугацаанд нэгд нэгэнгүй шүүж байгаад сая өргөдлөө өгсөн.

Тэгсэн чинь “Уучлаарай. 90 хоногийн дотор нам бүртгэхгүй” гэсэн. Угаасаа сонгуульд оролцох боломжгүй болсон намыг бүртгээд авчих л ёстой байхгүй юу. Энэ чинь уг нь Үндсэн хуулиар олгогдсон хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрх шүү дээ.

Гэтэл Үндсэн хуулиа давчихсан хууль шинээр батлаад, хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчөөд байх юм. Ер нь яагаад сонгуулийн өмнө хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах ёстой юм. Сонгуулийн хуулийг ч тэр, улс төрийн намын хуулийг ч тэр ажиглаад байхад эрх барьж байгаа нам өөрсдийнхөө статус буюу эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд жижиг нам, өөрсдийнхөө өрсөлдөх бүх зүйлийг байхгүй болгох, нухчин дарах хууль баталсан байна л гэж харж байгаа.

-Өмнө улс төрийн нам бүртгүүлэхэд ямар шалгуур тавьдаг байсан юм бол? Ийм шалгуур бол тавьдаггүй айсан шүү дээ?

-Өмнө нь 1300 орчим хүний гарын үсэг өгөөд тэндээс нь алдаатай 400 орчим хүн гараад ч юм уу 900 хүн бүртгүүлээд л явчихдаг байсан. Гэтэл одоо бол журам нь өөрчлөгдчихсөн. Гэхдээ сая он гараад тэр журмаа ахиад хэлэлцээд байхгүй болгосон юм байна лээ. Одоо бол тэр журам байхгүй гэсэн үг. Нэг тийм тоглоом шиг байгаа биз дээ. Гэнэт журам гаргаж ирээд л тэрийгээ буцааж байхгүй болгоод л хүнээр тоглож байгаа юм шиг сонин. Манай нам угаасаа сонгуульд оролцох боломжгүй. Сая аудитад намууд мөрийн хөтөлбөрөө өгсөн шүү дээ. Аудитад мөрийн хөтөлбөрөө өгөөгүй нам угаасаа л сонгуульд орохгүй гэсэн үг. Нэг тийм логикийн зөрчилтэй.

-Ер нь шинэ намуудыг яагаад бүртгэхгүй, шинэ журам батлаад, хавчаад байна гэж харж байна?

2028 оноос хойш нам байгуулах гишүүдийн гарын үсэг нь нийт сонгогчдын нэг хувь болоод бүр их өсөж байгаа юм байна лээ. Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг улам л шалгуурыг өндөрсгөөд, улам л хавчаад байгаа байхгүй юу. Ер нь яагаад, яах гэж, юуны тулд юм бэ? Хэрвээ намууд сонгуульд орохгүй бол тэр намыг шууд хасна гэж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө л хоёрхон намын тогтолцоо руу л бүх зүйлийг шахаж байна гэсэн үг шүү дээ. Гадны орнуудыг харахад хүмүүс дуртай намаа байгуулдаг. Тухайлбал Германд пивочдын нам, далайн дээрэмчдийн нам гэж байдаг. Америкт ч гэсэн хоёр л нам байгаад байгаа юм шиг харагддаг боловч 300 гаруй нам байдаг юм билээ. Манайд л хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тал бүрээр нь боймлоод, өөрсдийнхөө өрсөлдөгчдийг байхгүй болгох зүйлийг хийж байна. Уг нь ардчилсан нийгэм аль болох олон хүн эвлэлдэн нэгдэж, аль болох олон ургальч үзлүүд хоорондоо нэгдэж байж нийгэм хөгжиж, дарангуйллаас ангид байх ёстой шүү дээ.

Адгах тусам нь асгарна гэдэг үг байдаг. Энэ улс төрчид өөрсдөө адгаад байгаа юм. Монголчууд тэнэг биш шүү дээ. Иргэд үүнийг нь аль хэзээний олоод харчихсан л байгаа. Үүний эсрэг иргэд сонголтоороо ч юм уу эвлэлдэн нэгдэх хэрэгтэй.

-Таны хувьд намаа бүртгүүлчихсэн байсан бол УИХ-д нэр дэвших байсан тийм үү?

-Намаа бүртгүүлсэн бол мэдээж улс төрийн үйл ажиллагаа явуулах байсан. Сонгуулиар чөлөөт зах зээл, хувь хүний эрхийг эрхэмлэж, данхайсан төрийг багасгаж, татварыг багасгамаар байна. Бид хийж бүтээж байгаа орлогынхоо ихэнхийг төрд өгч байна. Уг нь тэр мөнгөө гэр бүл, үр хүүхдүүддээ зарцуулмаар байгаа юм. Төрийн бүтэц бүр хэтэрхий данхар байна. Маш өндөр татвар авахаасаа гадна авч байгаа татварын зарцуулалт нь маш үрэлгэн. Хүний мөнгө юм чинь яаж ч үрсэн яадаг юм гээд гарынхаа салаагаар л цацаад байна. Зээлээ төлж чадахгүй хүмүүсийн зээлийн хүүг нь төлнө ч гэж байх шиг, нийгмийн даатгалын талыг нь төлнө ч гэх шиг. Бид нар ер нь яг хэн юм. Бид малчдаас юугаараа ялгаатай юм. Иймэрхүү байдлаар арай гэж олсон мөнгийг гарын салаагаараа урсгаж байна. Үүний эсрэг л манай нам явах байсан. Даанч бүртгэхгүй л гээд байх юм байна.

-Намаасаа нэр дэвшиж оролцох боломжгүй болчихлоо. Гэхдээ танай намын хувьд хэдий бүртгэгдээгүй ч гэсэн энэ жилийн сонгуульд ямар байр суурьтай, үүрэг оролцоотой байх вэ?

Улс төрийн сонгууль гэдэг нь үзэл баримтлалаа богино хугацаанд олон хүнд хүргэх боломж. Заавал УИХ-ын гишүүн болох гээд байгаадаа ч биш. Би нэг зүйлийг сайн ойлгосон. Иргэд өөрчлөгдөөгүй цагт улс орон, улс төрч өөрчлөгддөггүй юм байна лээ. Иргэд тэнэг байхад ялгаагүй тэнэгүүд л сонгогдоно. Тэгэхээр иргэдэд улс төрчид тэднийг дарлаж байгаа талаар, данхайсан төр бий болсон байна гэдэг ойлголтуудыг сайн өгөх хэрэгтэй. Ямар ч гэсэн намыг маань бүртгэхгүй гэж байна. Гэхдээ бид нар чинь аль хэдийнээ их хурлаа хуралдуулчихсан, институци нь бий болчихсон байгаа. Тэгэхээр ямар ч байсан арай өөр байдлаар яаж ийгээд сонгуульд оролцьё л гэж бодож байгаа.

-Ярилцсанд баярлалаа.