Ч.Өнөрбаяр: Эрх баригчид найман жил өдөр бүр худлаа ярьсаар байна

Ч.Өнөрбаяр: Эрх баригчид найман жил өдөр бүр худлаа ярьсаар байна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч АЭХ-ны дэд тэргүүн Д.Энхтуяа, АЭХ-ны дэд тэргүүн Э.Цэцэгсайхан, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг нар мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, "Монгол төрийн бодлого буруу явж байна. Улсаа хорлоод зогсохгүй, ирээдүйгээ хорлож байна. Монгол улсын Ерөнхий сайд бидний өмнө том бодлого ярих ёстой. Цагдаагийн алба хаагчдыг яаж илүү хариуцлагатай болгох ёстой талаар, улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар бодлогын шийдлүүдийг ярих ёстой. Гэтэл татвар төлөгчид, бизнес эрхлэгчид нь улс төрчидтэйгөө хэрхэн тэмцэх тухай яриад эхэлсэн байна. Аргаа барсандаа өөрсдөө тэмцэх тухайгаа ярьж байгаа хэрэг юм. Энэ бүх зүйл дээр Ерөнхий сайд өөрөө хариулт өгөх ёстой. Ерөнхий сайд нь ахлах мөрдөн байцаагчийн ажлыг хийгээд гэмт хэрэг зохиогоод яриад суудаг биш хүний эрхийн асуудлууд дээр ямар бодлого хэрэгжүүлэх тухай ярих ёстой. Гэтэл харамсалтай нь дандаа хоосон бодлого, хоосон амлалт ярьж байна.

Дөрвөн зуун жуулчин авчрах, аз жаргалтай Улаанбаатар хот болгох, 2050 он хүртэл алсын хараатай байна гэчихсэн. Та нар хүлээ гэсэн. Эрх баригчид 8 жил өдөр бүр худлаа ярьсаар байна. Увайгүй, зарчимгүй, яахаас ч буцахгүй болсон байна. Өрөөнд агаар сэлгэхгүй бол агаар өмхийрдөг, урсгал ус байхгүй бол тогтонги ус ч мууддаг. Түүнтэй адил монгол төрийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Цонхоо нээж агаар оруулахгүй бол монгол төрийн бодлого бүхэлдээ бүхэлдээ нийгмийг хордуулж байна. Өнөөдөр Монголд Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурин дээр байх боломж, бололцоог хясан боогдуулж хааж ирлээ. Тийм ч учраас монголчууд бид ухаалаг сонголтыг хийх ёстой. Нэг алдана, хоёр алдана. Харин гурав алдаж болохгүй" гэлээ.