Н.Алтанхуяг: Хүнийг хэлмэгдүүлж яргалсан, нус нулимстай нь хольсон хүмүүс хариуцлага хүлээлгүй, сул чөлөөтэй явж байна /ВИДЕО/

Н.Алтанхуяг: Хүнийг хэлмэгдүүлж яргалсан, нус нулимстай нь хольсон хүмүүс хариуцлага хүлээлгүй, сул чөлөөтэй явж байна /ВИДЕО/

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт цацагдаж, улс төрийн хүрээнд гол сэдэв болж байна.

ВИДЕО:

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Н.АЛТАНХУЯГИЙГ ХОЛДУУЛЖ, Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЖ БАЙГААД ОЮУТОЛГОЙ, ЭРДЭНЭТИЙН ХУЛГАЙГ ХИЙСЭН-

Тус нэвтрүүлэгт, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  “Үгэнд ор эсвэл огцор” гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт тавьсан. Улмаар үгэнд нь ороогүй Н.Алтанхуягийн Засгийн газрыг 2014 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр огцруулж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсан. Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын Зэс корпорацид худалдах тохироотойгоор Ерөнхий сайд болсон. Тэрбээр эдгээр шийдвэрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэлгүй нууцаар гаргасан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санасандаа хүрч 2016 оны УИХ-ын сонгуулиас ердөө 14 хоногийн өмнө төрийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс  корпорацид худалдан авч өгсөн. Харин Н.Алтанхуяг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалаас гадна “Оюутолгойн хөрөнгө оруулалт 2 тэрбум доллароос хэтэрчихээд байна. Үүнийг Засгийн газар зөвшөөрөх ёстой” гэх тулгалтыг хүлээн зөвшөөрөөгүй учир Засгийн газрыг нь огцуулсан” гэж дурддаг.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  үргэлжлүүлэн ярихдаа “Ч.Сайханбилэг энэ шийдвэрийг гаргасан уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Нэг өдөр Ч.Сайханбилэг үнэнээ хэлэх байх гэдэгт би итгэдэг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, Ч.Сайханбилэгийг гаргаж ирэх үед л хийгдсэн тохироо. Ц.Элбэгдоржийн зүгээс хийсэн үндсэн тохироо нь “Энэ худалдан авалтыг хийнэ. Эрдэнэбилэг нарын хүмүүс болон бид нар тохирсон. Чи үүнийг хийж чадах уу гэдэг тохирооны дагуу энэ асуудал шийдэгдсэн. Яахав, өөрөө үгүйсгэх байх. Гэхдээ бараг уйлж байсан гэдэг. Тийм дарамтанд байсан гэсэн үг. Энэ бол нөгөө л бүлэглэлийн дарамт. Ерөнхий сайдаа хүртэл ийм хэмжээнд оруулахуйц хэмжээнд системийн авлигал хөгжсөн. Монгол банк, Хөгжлийн банк, Сангийн яам гэсэн гурван эх үүсвэрээс  400 орчим сая долларыг хоёр сарын дотор дансанд төвлөрүүлж Орос руу гурван гүйлгээгээр шилжүүлж байгаа асуудал шүү дээ. Энэ нь УИХ-аар хэлэлцүүлэх бүрэн боломжтой байсныг илэрхийлж байна. Тухайн үед Ц.Элбэгдорж Ардчилсан нам дахь эрх мэдлээрээ дамжуулан 49 хувьтай холбоотой хэлцлийг Ч.Сайханбилэгээр дуусгуулах байсан. Мөн Монгол улсад ашиггүйг нь мэдсээр байж Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар ард түмнийг өрөнд оруулах хэлцлийг УИХ, Засгийн газартаа мэдэгдэхгүйгээр хулгайгаар хийв үү гэдэг асуулт гарч ирнэ. Эрдэнэтийн 49 хувьтай яг ижилхэн, оролцогчид нь адилхан. Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь холдуулж, Ч.Сайханбилэгийг томилж байгаад хөшигний ард хийсэн.Хөгжлийн банз, Мазаалай, Дэм Сам бондыг босгоод бүлэглэлүүд хувааж авсан” гэсэн юм.

- Ц.ЭЛБЭГДОРЖ “Н.АЛТАНХУЯГИЙН БИЧДЭГ НОМ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ” ГЭЖ ДААПААЛЖ БАЙСАН-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дээрх яриатай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас байр суурийг нь сонслоо.

Тэрбээр энэ үеэр “ Би зоргоороо хүн. Бас шударга нийгмийн төлөө үнэнийг хэлчихсэн. Үнэнийг хэлсний минь төлөө эхнэр, том, бага охид, хавь ойрынхон бүгд хэлмэгдсэн. Чааваас муу Гансүх гээд, айл гэрийн амьдрал ч нурж унасан. Энэ талаар би дахин, дахин ярьмааргүй байна. Тухайлбал,  би Мөнгөнтуяа гэж охин, Батхуяг гэж хүүг таних ч үгүй. Хүний охиныг хилс хэргээр зургаан сар суулгачихаад 42 сая төгрөг улсыг төсвөөс өгөөд л болчихож байна. Монголын нийгэм ийм хөгийн байна. Гэтэл хүнийг хэлмэгдүүлж яргалсан, нус нулимстай нь хольсон хүмүүс хариуцлага хүлээлгүй, сул чөлөөтэй байж байна. Хонгилын талаар би ном бичсэн.

Намайг ном гаргана гэхэд Ц.Элбэгдорж твиттер хаягтаа “Н.Алтанхуягийн ном бичдэг гэж юу байдаг юм” гэж даапаалж байсан. Би хүмүүсийн нус нулимсаар энэ номыг бичсэн юм.

Би зохиол биш баримт бичсэн. 1990 оноос хойш шинэ үеийн хэлмэгдүүлэлт гарсан. Ардчилсан маягийн болж буй манайх шиг улсад хэлмэгдүүлэлт огт байж болохгүй. Би үүнийг үхэн хатан эсэргүүцэж, үхэн хатан адлагддаг. Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралд гурван сар суулгачихаж байна. Үнэн үг хэлсэн бүгдийг нь шоронд хорьж, хэрэг зохиож тохдог.   Одоо яриад яадаг юм. Гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол материалыг нь бүрдүүлээд явуулаач. Намайг ямар ч гэмт хэрэг хийгээгүй байхад АТГ, прокурор дээр цаас бүрдүүлээд шүүх рүү шидчихэж байгаа биз дээ” гэсэн юм.