Р.Шинэгэрэл: Иргэд насаараа НДШ төлөөд тэтгэвэрт гарахдаа эмзэг бүлэгт шилжиж байна. Иймд НД-д рефорум хийх хэрэгтэй /ВИДЕО/

Р.Шинэгэрэл: Иргэд насаараа НДШ төлөөд тэтгэвэрт гарахдаа эмзэг бүлэгт шилжиж байна. Иймд НД-д рефорум хийх хэрэгтэй /ВИДЕО/

Иргэд нийгмийн даатгалын шимтгэлд 12.5 хувийг, ажил олгогч 13.5 хувийг сар бүр төлдөг. Гэтэл энэ нь үр дүн бага, эрүүл мэнд зэрэг бусад тусламж үйлчилгээг иргэд хүртээмжтэй авч чаддаггүй. Иймд НДШ-ийн тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Эдийн засагч Р.Шинэгэрэлийг "ШУГАМ" нэвтрүүлгийнхээ 17 дахь дугаарт урьж оролцуулан, НДШ болон ямар шинэчлэл хийх шаардлагатай байгаа талаар ярилцсан юм.

ВИДЕО:

-Сайн байна уу? Өөртэй чинь нийгмийн даатгалын талаар ярилцах гэж энэ нэвтрүүлэгтээ урьсан юм. Нийгмийн даатгалын системд реформ буюу шинэчлэл хийхгүй бол болохгүй болсон байна. Өмнө нь нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 10 хувь байсан бол 2021 онд нэмэгдээд даатгуулагч буюу ажилтан авч буй цалингийнхаа 12.5 хувийг, ажил олгогч нь 13.5 хувь, нийт 26 хувийг сар бүр улсад төлж байна. Гэхдээ үр дүн алга. Иймд нийгмийн даатгалын шимтгэлд реформ хийх шаардлагатай байна. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?

-Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо тэр чигтээ татварын тогтолцоо болж хувирсан. 26 хувийг улсад төлж байна гэдэг нь 1 сая төгрөг ажилтныхаа гар дээр өгөхийн тулд 1.3 сая төгрөгийг өгч, ажил олгогч ажлын байраар хангасныхаха төлөө төрд 300 мянган төгрөг өгч байна. Нийгмийн даатгал өөрөө өсөж үрждэг, өвлөгддөг байх ёстой. Ажил олгогчынхоо аль алиных нь баталгааг хангаж байх ёстой. Гэтэл баталгаа алга. Тэтгэвэрт гарч байгаа иргэдийн орлого хоёр дахин багасдаг. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн тэтгэвэрт гарвал 700-800 мянган төгрөгийн тэтгэвэр л авна.

Уг нь насаараа нийгмийн даатгал төлсөн ч тэтгэвэрт гараад шууд л орлого багатай, хөөрхийлөлтэй хүмүүсийн эгнээнд орчхоод байгаа юм. Үүнийг л эрс өөрчлөх шаардлагатай байгаа юм.

Мөн бүх залуус эрүүл мэндийн даатгал төлж байгаа. Гэтэл эмнэлэгт үйлчлүүлэхдээ нэмээд баахан мөнгө төлдөг. Уг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх ёстой. Гэтэл санхүүжүүлж чаддаггүй. Эрүүл мэндийн үйлчилгээ нь сангаасаа санхүүжээд хөгжиж байх ёстой шүү дээ. Энэ хөгжил нь бага учраас залуус яараад үйлчилгээ сайтай хувийн эмнэлэгт очоод хамаг хөрөнгө мөнгө, цалингаа үрдэг.

-Мөн сар болгоны 5-ны дотор нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх ёстой. Төлөхгүй бол хүү, торгууль бодно. Гэхдээ нэг гутармаар зүйл нь бидний хугацаанд нь төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд арилжааны банкуудад аваачаад хадгалчихаж байгаа юм. Гэтэл тэр хүүгийн орлогоос татвар төлөгч бидэнд нэг төгрөг ч ирэхгүй. Нэг талаараа энэ үйлдлээ нийгмийн даатгалын санг зузаатгаж байгаа гэх боловч нөгөө талд нь миний төлсөн татварыг нэг дарга арилжааны банкинд аваачиж хүүлээд, заримдаа нөгөө мөнгө нь байхгүй болсон ч юм шиг сонин мэдээллүүд гараад байдаг. Бидний төлж байгаа НДШ-ийг арилжааны банкинд аваачаад хүүлээд байх нь зөв юм уу?

-Бусад оронд тэтгэврийн сан бол хамгийн том сан байдаг. Тэр санг улс төрчид биш тусгай мэргэжлийн хүмүүс удирдаж, мөнгийг нь өсгөж үржүүлээд явж байдаг. Тухайлбал манай улстай адил зах зээлд шилжсэн Казахстан Улс өнөөдөр 60 тэрбум долларын тэтгэврийн сантай болчихсон. Гэтэл манай улс хасахтай. Нэг улс төрч сайд нь дур мэдээд нэг арижлааны банкинд өндөр хүүтэй хадгалуулдаг. Гэхдээ өндөр хүүтэй богино хугацааны санхүүжилтийг хамгийн найдвар муутай банк л амалдаг. Өмнөх жишээг авч үзвэл тэтгэврийн мөнгийг хадгалуулсан банк нь дампуураад тэтгэврийн сангийн маш их мөнгө нь алга болж байсан. Түүн дээрээ хэдэн улс төрчид нь биенээ муулаад хэрэлдээд байдаг. Нэг улс төрчийн оролцоотой ард хормойгоороо урд хормойгоо нөхсөн байдалтай байна. Тэтгэвэрт гарсан иргэний орлого хоёр дахин буураад тэтгэврийн сан нь хасах үлдэгдэлтэй болчихдог. Бүр улсын төсвөөс дандаа татаас авдаг. Тэтгэврийн санд авлига хулгай нүүрлэчихсэн. Тэтгэвэрт гарсан хүмүүс нь үр өгөөж авдаггүй ийм л системтэй байгаа юм.

-НДШ дотор тэтгэврийн сан, ажилгүйдлийн сан, эрүүл мэндийн сан зэрэг таван сан байх ёстой. Энэ санд иргэд эрсдэлээ бодож л мөнгөө хураалгаад байгаа шүү дээ. Гэтэл иргэд аль ч сангаас баталгаа авч чаддаггүй. Ер нь НДШ-ийг яаж сайжруулах ёстой вэ?

-Энэ таван сан тэр чигтээ улс төрөөс бүрэн хамааралтай болчхоод байгаа тул эрс өөрчлөлт шаардлагатай. Хувийн хэвшилд ажиллаж буй иргэд нийгмийн даатгал хамгийн өндөр төлдөг хэрнээ эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламж авч чадахгүй байгаа.

Мөн Монголд эмчилж чадахгүй өвчнүүд маш их бий. Үүнийг шийдэж чаддаг тогтолцоо нь байхгүй. Иймд гадны оронд эмчлүүлэх болсон иргэд бүгд л хандив тусламж цуглуулж байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэгдүгээрт улс төрөөс хол болгох хэрэгтэй.

-Нийгмийн даатгалын шимтгэлтэй шууд холбоотой нэг зүйл бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. 2023 онд 550 мянган төгрөг байсан ХХДХ-г энэ оноос 660 мянга болгож нэмсэн. Үүнийг хүмүүс цалин нэмэгдэх нь гэж ойлгож магадгүй. ХХДХ нэмэгдэнэ гэдэг бол НД-ийн хэмжээ нэмэгдэж, хүмүүсийн зөрчлийн хуулиар торгуулсан хүү, торгуулийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээд үүнийг яагаад нэмж байгаа юм бэ гэхээр ХНХ-ын сайд нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагын саналаар бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байгаа гэдэг. Энэ ер нь зөв үү таны бодлоор?

-Хөдөлмөрийн хөлсний долд хэмжээг нэмнэ гэдэг нь юмны үнэ нэмэгдэж байна л гэсэн үг. Энэ нь иргэдэд гоё сонсогдож магадгүй. Гэтэл хүмүүсийн халааснаас гарч байгаа татвар, хураамж, торгууль үүнийг дагаад өсдөг. Мөн энэ нь манай зах зээлд хэрэгтэй байгаа хөдөлмөрийн бүтээмжийг дэмждэг зүйл биш. Үйлдвэрчний эвлэлийн үе үеийн ерөнхийлөгч нар популизм хийсээр байгаад УИХ-д ордог. Олон ч жишээ байна. Энэ байгууллагын үүрэг хариуцлагыг улс төрөөс холдуулах хэрэгтэй. НД-д шинэнчлэлт хийхгүй байгаа хамгийн том шалтгаан нь төрийн оролцоо байдаг. Төр нийгмийн даатгалын бүх мөнгийг төсвийн нэг хэсэг болгочихсон. Татвар төлөгчид энэ том халамжийн тогтолцоог дааж чадахаа больж байна.

-Ярилцсанд баярлалаа.