"Монгол залуучуудын сошиалд бичсэн сэтгэгдэл шоронд орох үндэслэл болж болохгүй. Бид МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлнэ" гэв

"Монгол залуучуудын сошиалд бичсэн сэтгэгдэл шоронд орох үндэслэл болж болохгүй. Бид МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлнэ" гэв

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир тэргүүтэй удирдлагууд, Увс аймгийн Ардчилсан намын дарга, Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир, "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна. Ардчилсан Залуучуудын Холбооноос өнгөрсөн 7 хоногт Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл заалтыг Үндсэн хууль зөрчиж байна Үндсэн хуулийн цэцэд хандсан. Монгол Улсын Үндсэн хуулиар бид бүгдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй байх ёстой. Гэтэл яг одоо иргэдийн сошиалд бичсэн шүүмжлэл шоронд орох үндэслэл болж эхэллээ. Сошиалд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлч нарын үг шоронд орох шалтгаан болж хувирлаа. Эрх баригчдыг долоовол доллар авдаг. Шүүмжилбэл шоронд ордог нийгмийг бий болгоод байна. Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл заалт бол Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрхийг зөрчиж байна. Бусдыг доромжилсон, үгүй бол гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэдгээ Захиргааны журмаар шийдээч ээ, Эрүүгийн хуульд зааснаас болж хэвлэл мэдээлэл, сөрөг хүчний намууд, сэтгүүлчид эрх чөлөөгүй болж байна. Гар утастай, интернэтэд ордог үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг хэн бүхэн эрх чөлөөгүй болж эхэллээ.

УИХ дахь МАН-ын бүлэгт бид бүхэн шаардлага хүргүүлж байна. Монгол залуучуудын сошиалд бичсэн сэтгэгдэл шоронд орох үндэслэл болж болохгүй. Ардчилсан Монгол Улсын залуус эрхээ эдлэх ёстой.

Ардчилсан Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч Ж.Баттуул: Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйл заалт нь Үндсэн хуулийн хүний суурь эрх болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн Монголын АЗХ-оос Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан.

2020 онд батлагдсан Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орсон Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг судлаарай. Энэ бол МАН-ын Эрүүгийн хуульд хулгайгаар оруулсан, өөрсдийн ашигтай байдлыг харгалзан үзсэн зүйл заалт болсон. Монгол Улсад бүх хүн хуулийн өмнө эрх тэгш атал энэ заалт МАН-д ашигтай, жирийн иргэд, залуусын эрхэнд халдсан зүйл заалт болж байна. Залуучууд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр хулгай хийсэн МАН-ын сайд, дарга нарыг шүүмжлэх эрхгүй болсон байна. Хэрвээ МАН-ынхан дарангуйллын хуулийг бий болгож, залуусаа мохоох гэж байгаа бол үүнийгээ ил зарла. Олон нийт, сонгогчид, ард түмэндээ зарла. Цаашдаа бид Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах болно. Бид ардчилсан Монгол Улсын иргэний хувьд энэ хүнд байдалд ормооргүй байна" гэлээ.

АЗХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Намбаяр, “МАН бол монголчуудын зовлонг нулимсаар нь зуурч иддэг гэмт хэргийн бүлэглэл болсон. Монголын залуучууд МАН-аас ийм нийгэм бүтээж өгөхийг гуйгаагүй. Өнөөдөр эрх барьж байгаа намд дүрээгүй сан, оролдоогүй сэдэв, хулгай гэж байхгүй боллоо. Тийм учраас холбогдох байгууллагууд Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэцэд бид шаардлагаа хүргүүллээ. Залуучуудын үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг эрүүгийн хуулиар далайлган шоронжуулахыг залуучууд бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Бид ардчилсан улсын иргэд болохоос биш дарангуйллын иргэд биш" гэв.