МАН-ын жагсаалтад малчдыг төлөөлж Х.Эрдэнэбулган, АН-ын жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж Ж.Баясгаланг бичихээр ярьж байна

МАН-ын жагсаалтад малчдыг төлөөлж Х.Эрдэнэбулган, АН-ын жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж Ж.Баясгаланг бичихээр ярьж байна

Ирэх зургаадугаар сарын 26 /2024.06.26/-ны өдөр болох УИХ-ын сонгуулиар парламентын 48 гишүүнийг намын жагсаалтаас сонгоно. Харин АН, МАН-ын удирдлагууд “намынхаа жагсаалтад эмч, багш, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн төлөөллийг оролцуулна” гэдгээ мэдэгдсэн.

-Д.САРАНГЭРЭЛ, Д.ОЮУНХОРОЛ НАР МАН-ЫН ЖАГСААЛТАД НЭРЭЭ БИЧҮҮЛЖ, УИХ-ЫН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

Тухайлбал, 2023 оны тавдугаар сар /2023.05/-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэлэхдээ “Жендерийн тэгш байдлын төлөөлөл, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ” гэж мэдэгдсэн. Товчхондоо, МАН-ын жагсаалтад багш, эмч, малчин, тариаланч гээд нийгмийн бүлгийн төлөөлөл бичигдэнэ гэсэн үг.

Харин АН, МАН жагсаалтынхаа эхний 10-15 дугаарт дарга биш нийгмийн дээрх төлөөллийн нэрийг бичиж байж тэд УИХ-д сонгогдож, төрийн бодлого тодорхойлоход оролцоно. Тэднийг нэрийг хойгууд бичвэл тэд парламентад сонгогдох ямар ч боломжгүй гэсэн үг. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 15 /2024.03.15/-ны өдрөөр дуусгавар болгон “МАН-аас УИХ-д нэр дэвших  хүсэлтэй” байгаа гишүүдийнхээ хүсэлтийг "гараар бичүүлж" тус намын удирдлагууд хүлээн авсан. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвших хүсэлтэй гишүүд нь “тойрогт нэр дэвших”, “жагсаалтад нэрээ бичүүлэх” гэсэн хоёр агуулгаар нэр дэвших өргөдлөө удирдлагуудаа уламжилсан байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл болоод Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол нар МАН-ын “жагсаалтад нэрээ бичүүлж” УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Мөн нэг улс төрийн намаас нийт 126 хүн нэр дэвших ёстой бол МАН-аас нэр дэвших хүсэлтээ 250-300 хүн илэрхийлээд байгаа аж.

-МАЛЧИН Х.ЭРДЭНЭБУЛГАН ИДЭВХЖИЖ, ТҮҮНИЙ ГЭРТ МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН ЗОЧИЛЖЭЭ-

Тэгвэл Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар МАН-ын жагсаалтад нэрээ бичүүлж УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн бол тус намын удирдлагууд жагсаалтдаа өөр хүмүүсийн нэрийг бичихээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, Eagle телевизэд сэтгүүлчээр ажиллаж байгаад дараа нь Булган аймгийн Хангал суманд малчин болсон Х.Эрдэнэбулганыг малчдын төлөөлөл болгон МАН-ын жагсаалтын эхэнд бичихээр тус намын удирдлагууд төлөвлөж байгаа аж. Иймд малчин Х.Эрдэнэбулган сүүлийн үед телевиз болоод олон нийтийн сүлжээнд идэвхжиж “малын тоо бус чанарт анхаарч, эдийн засгийн эргэлтэд оруулах хугацааг зөв тодорхойлох нь үр дүнтэй” талаар ярих болсон байж магадгүй байна.

Саяхан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын удирдлагууд хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж төслийнхөө хүрээнд малчдын бүлэг, хоршооны төлөөлөлтэй уулзах үеэрээ Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулганы гэрт зочилсон байдаг. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан малчин Х.Эрдэнэбулганы гэрт зочилжээ. 2024.03.18

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ч.Ундрахбаярыг МАН-ын жагсаалтын эхэнд бичихээр яригдаж байгаа аж. Энэ талаар зарим эх сурвалжууд, “Ч.Ундрахбаяр 2021 оны зургаадугаар сараас хойш Л.Оюун-Эрдэнэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар зөвлөж байгаа. Иймд түүний нэрийг МАН-ын жагсаалтын эхний тавдугаарт бичиж магадгүй” гэсэн юм.

Харин АН-ын хувьд намынхаа жагсаалтын нэрсийг эрэгтэй, эмэгтэй гэж сөөлжих байдлаар бичих ба жагсаалтад бичигдэх хүмүүсийн 29 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй байх аж. Нөгөө талаар АН-ын удирдлагууд жагсаалтдаа нийгмийн төлөөллийг хамруулахыг зорьж, уулзалт ярилцлага хийж байгаа талаар тус намын удирдах түвшний эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгон жүжигчин, продюсер Ж.Баясгалангийн нэрийг АН-ын жагсаалтад бичих нь тодорхой байгаа аж. Харин түүний нэрийг АН-ын жагсаалтын эхний 10 дугаарт багтаах эсэх тодорхойгүй байгаа аж.