Л.Болд: С.Зоригийг хөнөөсөн хэрэг бол Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг хөнөөсөн хэрэг байсан

Л.Болд: С.Зоригийг хөнөөсөн хэрэг бол Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг хөнөөсөн хэрэг байсан

Сүүлийн өдрүүдэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг олны анхааралд ороод буй. Тухайлбал, түүнтэй хамтран амьдарч байсан Б.Булган саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог" хэмээн мэдэгдсэн.

Мөн С.Зориг агсны найз А.Ганбаатар манай сайтад ярилцлага өгөхдөө, "Ерөнхий сайд болох бүх тохироог хийсэн өдрийн орой С.Зоригийг минь хөнөөсөн" хэмээн ярьсан юм. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, "С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудал яригдаж байгаагүй" гэж мэдэгдээд байгаа юм. 

Тэгвэл элчин сайд Л.Болд өчигдөр /2024.04.23/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "С.Зориг Ерөнхий сайд болохынхоо өмнөхөн амиа алдсан" хэмээн ярьжээ.

Тэрбээр, "С.Зориг амиа алдсан тэр өдөр хүртэл бид өдөр тутам харьцдаг байсан. Магадгүй хамгийн сүүлд утсаар ярьсан хүмүүсийн нэг нь би байх. С.Зоригийг хөнөөсөн хэрэг бол парламентын гишүүнийг хөнөөсөн гэхээсээ илүү Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдыг хөнөөсөн хэрэг. Яагаад гэвэл тэр үед Засгийн газар огцорсон, ардчилсан холбоо эвсэл дараагийн засгийн газрын тэргүүнээ тодруулж чадахгүй Ерөнхийлөгчтэйгөө зөрчилтэй, дотроо зөрчилтэй маш хүнд байдалд байсан. Иймд нийтийн зөвшилцөлд нийцсэн Ерөнхий сайдыг гаргаж ирэх нь нийгмийн шаардлага байсан юм.

Иймд бид "та Ерөнхий сайд болох ёстой" гэж С.Зоригийг олон сарын турш шахсан, тэр байнга татгалзаж байсан. Харин яг тэр аймшигт өдрийн дөхсөн өдөр л зөвшөөрсөн. Амиа алдахаасаа хэдхэн цагийн өмнө надтай ярьсан шалтгаан хүртэл үүнтэй холбоотой байсан. Тэрээр "зарим гишүүдээс дэмжлэг авахаар ажиллаарай" гэсэн хүрээнд надтай ярьсан. Ардчилсан холбоо эвслийн засаг барьж байсан хямралаас гаргах, ардчиллын алтан хараацай нарын дунд ноён оргил нь байсан түүнийг Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд болохын өмнө хөнөөсөн” хэмжээ. 

ВИДЕО: