Багц хуулиар багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ

Багц хуулиар багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, иргэдэд ажлаа тайлагнаж байна. Энэ үеэр иргэдээс ирсэн боловсролын багц хуультай холбоотой асуултад дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Боловсролын салбарын хүртээмж, чанар бол улс орны хөгжил дэвшилтэй холбогдох амин чухал үзүүлэлт юм. Үүний тулд багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, салбартаа тууштай, тогтвортой, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ агуулгын хүрээнд хуулийн гол үзэл баримтлалыг авч явсан. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд голлон анхаарсан хууль гэж ойлгож болно. Тухайлбал, багш нар хөдөө орон нутагт ажилласнаар нэмэгдэл авна. Ажилтай нь холбоогүй бол энд тэнд дайчлагдахаа болино. Сургууль, цэцэрлэгт 15 жил багшилсан, ажилласан бол нэг хүүхэд нь их, дээд сургуульд эрэлттэй мэргэжлээр үнэ төлбөргүй боловсрол эзэмших үүд нээгдэнэ. Мөн хамгийн чухал нь багш нар орон сууцны дэмжлэг авах зохицуулалтыг тусгаж өгсөн. Үүнээс гадна таван жил ажиллаад нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал авдаг байсныг өөрчилж гурван жил болгож наашлуулсан. Энэ мэт багшийн нийгмийн асуудал, хөгжлийг дэмжсэн бодитой заалтуудыг тусгаж, энэ оноос төсөв мөнгө нь тавигдаад ажил болоод явж байна” гэв.

Дашрамд тодруулахад, Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийг Г.Дамдинням гишүүн ахлан ажиллаж, 2023 оны долдугаар сард батлуулсан юм. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль гэсэн дөрвөн хууль багтаж байна.