Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ.
Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, харилцаа ‘Найрамдалт хамтын ажиллагааны зарчим’-д тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг дурдав. Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилга гаргаж, худалдаа, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолжээ.