БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хууль зөрчсөн шийдвэр гаргуулж ТНБД-аа ажлаас нь чөлөөлүүлсэн болохыг шат шатны шүүх тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн шийдвэр 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр гарсан боловч Э.Баттулгыг үүрэгт ажилд нь өнөөдрийг хүртэл томилоогүй байгаа аж. Тодруулбал, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 102 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин тэрбээр уг шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд хандсанаар түүнийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нь нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргасан байдаг юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нар дээрх шүүхийн шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 18-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэх чиглэлийг хүргүүлсэн боловч БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ эс үйлдэхүйгээр саад болж байгаа юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хариуцагч шүүхийн мэдэгдэлд заасан хугацаанд биелүүлээгүй бол энэ тухай олон нийтэд мэдээлж, биелүүлэх хугацааг 14 хоногоор сунгах зохицуулалттай. Энэ байдал даамжирвал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуулийн шаардлага үүсэхийг эх сурвалж мэдээллээ.
Одоогоор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг Б.Бат-Эрдэнэ сайдтай хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Эрдэнэс Тавантолгой компанид хамт ажиллаж байсан С.Цогтгэрэл жил гаруй түр орлон гүйцэтгэж байгаа. Яамны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан түүнийг гаргасан зүй бус үйлдэлтэй нь холбогдуулан төрийн албанд 3 жил эргэж орох эрхгүйгээр халснаас үүдэн сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБДарга Э.Баттулга нарын зөрчил хурцадсан байдаг. Гэвч тэрбээр өдгөө албан тушаал дэвшиж төрийн албыг үргэлжлүүлэн хашсаар байна. Ажил, мэргэжил, туршлагын хамгийн өндөр шаардлага тавигддаг Төрийн нарийн бичгийн даргыг нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу 6 жилийн хугацаатай томилж, энэ хугацаанд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, халахыг хуулиар хориглосон байдаг бөгөөд энэ нь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, төсвийн шууд захирагчийг улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах хамгаалалт болдог. Гэтэл санал зөрөлдсөн төдийхнөөр шалтаглан хүний нөөц, хөрөнгө санхүүгийн талаар хуулиар олгогдсон чиг үүрэгт нь халдах, сайдын зөвлөлөөс хасах, албан хүсэлтээр чөлөөлүүлэх зэрэг зүй бус үйлдлүүд гарах болсон нь төрийн албаны дархлааг сулруулж, төрийн ой санамж гээгдэх, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг үгүй хийх, хууль дээдлэх зарчим алдагдах туйлын гэм хортой жишгийг тогтоож буй юм. Өнөөдрийн байдлаар БОАЖЯ-нд 3-аас дээш жил ажилласан мэргэжлийн боловсон хүчин 10 гаруй л үлдээд байгаа аж. Бид уг асуудлаар эргэн мэдээлэх болно.