Г.Занданшатар Х.Баттулгатай нийлж “Салхитын мөнгөний орд”-ыг булааж, Газрыг 100 жилээр эзэмших нь гэж худал ярьсан бол, Лицензийг иргэдээс асууж олгоно хэмээж эхлэв

Г.Занданшатар Х.Баттулгатай нийлж “Салхитын мөнгөний орд”-ыг булааж, Газрыг 100 жилээр эзэмших нь гэж худал ярьсан бол, Лицензийг иргэдээс асууж олгоно хэмээж эхлэв

Зүүн Европт орших Бүгд Найрамдах Беларусь Улсын гадаад харилцаа, гадны хөрөнгө оруулалтыг унагадаг нэг хүн байдаг нь тус улсын Ерөнхийлөгч А.Лукашенко. Түүнийг “Оросын биет төлөөлөгч” учраас улсаа хөгжүүлдэггүй, В.Путины захиалгаар ажилладаг тухай гадаадын хэвлэлүүд онцолдог. Тэгвэл түүнтэй ижил популизм хийж  Монголын хөгжлийг хойш татдаг нэг хүн манай улсад бий нь УИХ-ын дарга Г.Занданшатар.

-САЛХИТЫН ОРДЫГ ТӨРД АВАХ АЖЛЫН АВТОР НЬ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БОЛ ТЕХНОЛОГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЬ Г.ЗАНДАНШАТАР-

Тухайлбал,  Салхитын ордыг төрд авах ажлын автор нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга, харин технологийг хэрэгжүүлэгч нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа 2018 оны 12 дугаар сард тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулж Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний том орд болох Зүүн болон Салхитын ордын 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авсан.

Улмаар тэтгэврийн зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад хувь хүртээх ажлыг хийж байв. Монголын ард түмний уухайн дуу, алга ташилтын дор хэрэгжсэн тусгай ажиллагаа нөгөө талаар Монголд хөрөнгө оруулалт хийвэл төрд нь ийнхүү дээрэмдүүлнэ гэсэн таагүй мессежийг гаднынханд өгсөн байж магадгүй. Харин үүнээс хойш хэдийнээ таван жил өнгөрчээ.

Энэ талаар тус хэрэгт буруутгагдан гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн иргэн Ш.Мөнгөншагай “Тэр үед Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байсан. Тэгээд Т.Мөнхбаярыг уурхайн захирлаар томилсон. Одоо тэр хүн Хөдөлмөрийн баатар болсон. Тэр хүн Х.Баттулгын гар хөл гэдгийг сайн мэднэ. Тийм учраас мэдээлэл алдагдаж, дээрэмдсэн. Нэг ноцтой асуудал нь, тэтгэврийн зээлийг бонд гаргаж, 700 тэрбум төгрөгөөр тэглэсэн ч тэр бондын мөнгө төлөгдөөгүй. Салхитын мөнгөний ордоос төлөх ёстой байсан ч дээгүүр доогуураа хулгай хийсэн. Тухайн үед 2018 оны мэдээллээр нэг тонн баяжмалыг 106 ам.доллараар гаргаж байсан. Одоогийн мэдээллээр 106 ам.доллараар гэрээ хийж гаргаад, 700 орчим ам.доллараар зарж байгаа. Дундах 600 ам.доллар нь албан тушаалтнуудын халаасанд орж байгаа” гэж ярьсан байдаг.

Х.Баттулга, Г.Занданшатар нар нь доор дурдсан Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж гацаасан бас нэг шалтгаан нь Салхитын мөнгөний ордыг авсан асуудлаараа арбитрын шүүхэд очих магадлалтай холбоотой гэх таамаг бий. Учир нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 30.2-д “Энэ хуулийн 30.1-д заасан маргааныг 6 сарын дотор хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй, талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг зохицуулах олон улсын төвийн арбитрын журмын дагуу шийдвэрлүүлж болно” гэж оруулжээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-Х.БАТТУЛГАТАЙ ДАХИН НИЙЛЖ "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ"ИЙГ ГАЦААСАН-

Манай улс бол парламентын засаглалтай. Энэ засаглалыг цаг ямагт хамгаалж, бэхжүүлж ажиллах учиртай парламентын дарга нь чуулганы хуралдаанаараа гадны хөрөнгө оруулагчдыг үргээх ажилд манлайлж ажилласан хоёрдахь тохиолдол саяхан буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан.

Тухайлбал,   УИХ-ын чуулганы өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний /2024.04.11/-ийн нэгдсэн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж батлан дахин хөрөнгө оруулагчдыг үргээсэн.

Уг хуулиар З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед буюу 2013 онд баталсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д заасан “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалтыг хүчингүй болгосон байдаг. Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу.

Харин нөгөө талд энэ нь Монголын уул уурхайд хөрөнгө оруулах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг нэг мөр хөөж байж магадгүй нөхцөл байдалд оруулсан юм. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, хүчин төгөлдөр мөрдөгдөөд 11 жил болчихсон  “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1 дэх заалтаас “эзэмшүүлэх” гэсэн үгийг хасах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрөгч нэгдүгээр сар /2024.01/-д УИХ-д өргөн барьсан. Гэтэл Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан энэхүү хуулийн төсөл “улс төрөө даалгүй зогссон” юм. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга уг “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр улс төр хийж, “Ч.Хүрэлбаатар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх хуулийн төслийг оруулж ирлээ” хэмээн илт худал мэдэгдлийг удаа дараа хийснээр хуулийн төсөл гацсан юм. 

Үнэн нь, Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн 16.1.1-д “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж оруулж, Х.Баттулга нарын яриад байгаа “эзэмшүүлнэ” гэсэн үгийг хассан байсан юм. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.  Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төрийн “худал” пиарыг УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлж, “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 12.1.1-д заасан “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид Монголд “газар ашиглах” боломжгүй болж манай улсын уул уурхайд хөрөнгө оруулахгүй байх нөхцөл бүрдэж байж болзошгүй байгаа юм.  

-АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОХДОО ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН САНАЛЫГ ЗААВАЛ ҮНДЭСЛЭДЭГ БОЛГОНО ХЭМЭЭН ЯРЬЖ МӨН Л ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ҮРГЭЭВ-

Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар нь нэр бүхий гишүүдийн хамтаар ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлын саналыг заавал үндэслэх, тухайн орон нутгаас томилсон хянан шалгагчийн дүгнэлтийг харгалздаг байх зарчмын зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж буйгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, иргэдийн төлөөлөл нь татгалзаад байхад ашигт малтмалын зөвшөөрөл олгодог байдлыг болиулж, өмнө хэрэгждэг байсан зохицуулалтыг эргэн сэргээх саналыг гаргасан. Орон нутаг бол хөлнөөсөө толгой хүртэл улс төржсөн жижиг эрх ашиг үйлчилдэг газар. Уул, уурхайн үйл ажиллагааг орон нутгаас будлиулж хөрөнгө оруулагчдын үргээсэн тохиолдол их бий. Цаашлаад хайгуулын болоод ашиглалтын лицензээ ч ялгахгүй  иргэд тухайн төслийн ач холбогдол, үр дагавар, үйл ажиллагаанд голч, үр дүнтэй, судалгаатай шийдвэр гаргаж чадна гэдэгт УИХ-ын дарга л итгэх байх. Энэ бол мөн л хөрөнгө оруулалтыг үргээх ажил. Манай улс шиг уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай оронд хариуцлагатай, жишиг олборлолтыг хөгжүүлж татвараа авах нь чухал юм. Гэтэл парламентын дарга нь хөрөнгө оруулагчдыг хөөж явуулах ажлыг байнга санаачлаад байх нь хэр эрүүл үзэгдэл вэ. Сонгуульд зориулсан нийтэд таалагдах жижиг зорилгоо хэрэгжүүлэхдээ том эрх ашгаа гээгдүүлэх ажлыг УИХ-ын дарга энэ жил л гэхэд хоёронтоо хийжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө